“Хэлгүй жим” киноны нээлт энэ баасан гарагт болно
Энэхүү киног хилийн 0257 дугаар ангид алба хааж байсан ахлах дэслэгч Д.Цоодол, ахлагч Я.Баяраа, Х.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй хилчид улсын хил хамгаалах тушаал авч, үүрэг гүйцэтгэж байх үедээ амь насаа алдсан бодит түүхээс сэдэвлэжээ.
Мэдээллийн алба

“Этик” продакшны хоёр дахь уран бүтээл “Хэлгүй жим” бүрэн хэмжээний уран сайхны кино энэ баасан гарагт нээлтээ хийхээр болжээ. Киноны найруулагчаар тус продакшны залуу жүжигчин Г.Даваазул ажиллаж, гол дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, жүжигчин А.Энхжин, М.Дорждагва, Д.Хосбаяр нар тоглосон байна.
Энэхүү киног хилийн 0257 дугаар ангид алба хааж байсан ахлах дэслэгч Д.Цоодол, ахлагч Я.Баяраа, Х.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй хилчид улсын хил хамгаалах тушаал авч, үүрэг гүйцэтгэж байх үедээ амь насаа алдсан бодит түүхээс сэдэвлэжээ.
Өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэсэн хилчдийнхээ гэгээн дурсгалд зориулж уг киног хилийн 0257 ангийн дарга, хошууч Н.Отгонжаргал санаачлан тус продакшнтай хамтран бүтээсэн байна.
Киноны агуулгын хувьд 1990 оны социалист нийгмээс ардчилсан тогтолцоонд шилжсэн үед улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдралын хүнд хэцүү цаг үеийг харуулах ажээ. Түүнчлэн Хөвсгөл аймагтай хил залгаа орших ОХУ-ын Буриад түмний амьдрал хүнд нөхцөл байдалд орсноос болж хил зөрчиж, хулгайн ан хийх, байгалийн баялаг хууль бусаар ашиглахыг санаархаж, улсын хил зөрчиж байсныг тус кинонд өгүүлэх юм.
"Этик" продакшны хувьд 2018 онд байгуулагдсан бөгөөд хамгийн анх "Хүний цаана" киног үзэгчдэд хүргэсэн бөгөөд продакшны захирлаар жүжигчин А.Энхжин ажилладаг байна.


















