“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ
Долоо хоног бүрийн Пүрэв гарагт болдог Сайдын цаг уулзалтад Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг хариуцагч Ц.Оюунбаатар оролцлоо.
Мэдээллийн алба

Долоо хоног бүрийн пүрэв гарагт болдог Сайдын цаг уулзалтад Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг хариуцагч Ц.Оюунбаатар оролцлоо.
Тэрбээр энэ үеэр 2016 оныг “Хэрэглэгчийн жил”-ээр зарласантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тодруулбал, Засгийн газраас энэ оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөтөлбөр”-ийг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Шадар сайдад үүрэг болгосон.
2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгосноор үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээний бүх байгууллагууд хэрэглэгчдэд хандсан менежментийн чиг хандлагыг тэргүүлэх чиглэлээ болгохын зэрэгцээ хэрэглэгчдэд хүргэж буй бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нэг бүрийг стандарт чанарын шаардлагыг бүрэн хангасан байх, нийгмийн үйлчилгээний бүх салбарын байгууллагын хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээний эцсийн үр дүн нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн хангалттай түвшнээр хэмжигддэг байх, хүн рүү чиглэсэн шинэчлэлийг менежментийн илүү дэвшилттэй түвшинд дэвшүүлэн тавьж тодорхой үр дүнд хүрэх боломжтой гэж үзэж байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон хэрэглэгчийн эрхтэй холбогдох багц хуулиудад шинэчилсэн найруулга хийх, нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор төлөвлөсөн бөгөөд хуулийн төслүүдийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан УИХ-д өргөн барина гэлээ.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба


















