Хилчид энхийг сахиулах ажиллагааны VI ээлжинд үүрэг гүйцэтгэнэ
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх VI ээлжийн бие бүрэлдэхүүн долдугаар сарын 27-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ.
Мэдээллийн алба

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх VI ээлжийн бие бүрэлдэхүүн долдугаар сарын 27-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ. Энхийг сахиулах ажиллагаанд манай улс 2012 оноос хойш оролцож байгаа бөгөөд хилчин дайчид энэхүү үйл ажиллагаанд тасралтгүйгээр үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ. Энэ удаагийн ээлжинд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах алба, Онцгой байдал, Цагдаа гээд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын нийт 800 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын батальон явах юм.
Уг ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-эрдэнэ, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албаны хүмүүс оролцсон юм.
Хил хамгаалах байгууллагыг төлөөлж ХХЕГ-ын дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Ц.Гансүх, ЦСАЗБХ-ийн дарга, хурандаа В.Батжаргал нар оролцож, энхийг сахиулах хилчин дайчиддаа хүндэтгэл үзүүллээ. НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүн Юнити мужийн Бентью хот дахь НҮБ-ын бааз, Париан, Лийр хотуудын энгийн иргэдийг хамгаалах, хол ойрын эргүүл, цуваа болон баазын хамгаалалт, дотоодын дүрвэгсдийн хуаран зэрэгт хуваарилагдан томилогдох юм байна.
Эх сурвалж: Хил хамгаалах алба


















