Хилчин бүсгүй Т.Рэнцэнбадам Төв аймгийн нутгаар дайран өнгөрч байна
Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 24 хоногийн дараа хүү Р.Мөнххүрэлтэйгээ уулзлаа.
Мэдээллийн алба

Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 24 хоногийн дараа хүү Р.Мөнххүрэлтэйгээ уулзлаа. Өмнөд хилээс хойд хил хүртэл хөндлөн гүйж яваа хилчин бүсгүй Т.Рэнцэнбадам өнөөдөр Төв аймгийн нутгаар дайран өнгөрч байна. Эмэгтэй хүнд, эх хүнд баймгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргаж энэ урт замыг туулж яваа түүнд сэтгэлийн дэм өгөхөөр гэр бүлийнхэн нь зорин очиж уулзсан байна.
Энэ үеэр хүү нь 24 хоногийн өмнө уртын аянд мордсон ижийтэйгээ ирж уулзжээ. Ээжийнх нь хүрэх газар хол учир хүүгээ үнэрлээд зорилгоо биелүүлэхээр гүйлтээ үргэлжлүүлэн цааш гүйжээ.
Ташрамд дуулгахад, Т.Рэнцэнбадам энэ сарын 1-нд Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас гарч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1100 километрийг гүйж туулан, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-нд бариандаа орохоор төлөвлөсөн билээ.


















