Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хилийн зурвасын өргөнийг 10, хилийн бүсийг 50 км-ээс илүүгүй байхаар тусгажээ

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Хилийн зурвасын өргөнийг 10, хилийн бүсийг 50 км-ээс илүүгүй байхаар тусгажээ
Хилийн зурвасын өргөнийг 10, хилийн бүсийг 50 км-ээс илүүгүй байхаар тусгажээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан юм.

Монгол Улсын хилийн тухай хууль 1993 онд батлагдсанаас хойш улсын хил хамгаалалт, боомт, түүнд мөрдөх журам, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийн шалган нэвтрүүлэх, хил хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчийн нийгмийн асуудлын талаарх зохиуцуулалт зэрэг асуудлаар нийт 11 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэвч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын хилийн тухай хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, хуулийн нэр томьёог олон улсын эрх зүйн зарчим, Улсын Их Хурлаас 2010 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцүүлэх, улсын хил хамгаалалтыг олон улсын түвшинд хүргэх шаардлага бий болж байгааг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төсөлд Монгол Улсын хилийн тухай хуульд хэрэглэгдэж байгаа нэр томьёог нэг мөр ойлгож, хуулийг нэг мөр, хэлбэрэлтгүйгээр хэрэгжүүлэхийн тулд бусад хуульд заасан нэр томьёотой давхардсан, ижил төрлийн зохицуулалтыг агуулсан, эсхүл өөрөөр тодорхойлсон зэрэг зөрчлийг арилгаж, шинээр тусгасан. Мөн хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхтэй холбоотой чиг үүргийг иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн байгууллага гүйцэтгэж байгааг хил хамгаалах байгууллага хариуцдаг байх зэрэг зарчмын өөрчлөлтүүдийг тусгасныг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас уг хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тухай тус байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж танилцуулсан юм. Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, С.Ганбаатар, Ө.Энхтүвшин, Ж.Батзандан нар Хууль зүйн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Хууль зүйн сайд Д.Дорлигжав гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хуулийн нийт заалтын 50-иас доошгүй хувьд өөрчлөлт орохоор байгаа бол шинэчилсэн найруулга гэж үзэхээр байгаа. Харин энэ төслөөр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн 95 зүйлээс 34-т нь өөрчлөлт орохоор байгаа. Хилийн хамгаалалт муудаж, зөрчил нэмэгдэж байгаа тул нөхцөл байдлыг судалж үзсэний үндсэн дээр амьдралд нийцүүлэх үүднээс хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлж байгаа юм. Мөн хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, хилийн зөрчил, хил дамнасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн зурвасын өргөнийг 10, хилийн бүсийг 50 километрээс илүүгүй байхаар тогтоохоор тусгасан. Одоогийн хуулиар хилийн хяналтын бүс 100 км, хилийн шалгах бүс 20 км байгаа. Түүнчлэн хил орчмын нутаг дэвсгэрт оршин суудаггүй иргэн, байрладаггүй байгууллага, аж ахуйн нэгж нь улсын хилийн бүсэд ажил эрхлэх, үйлдвэрлэл явуулах тохиолдолд Хил хамгаалах ерөнхий газраас хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгож байгааг өөрчилж, хилийн анги, салбарт мэдэгдэж, бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах эрх нь үүсэхээр тусгасан гэсэн хариулт өгсөн.

Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Хуваалцах