Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр лицензтэй нэвтрүүлнэ

Засгийн газраас баталсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, тогтоолоор батлахаар тогтжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр лицензтэй нэвтрүүлнэ
Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр лицензтэй нэвтрүүлнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас баталсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, тогтоолоор батлахаар тогтжээ.

Ингэснээр Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалтад зөвхөн онцгой хорт бодис улсын хилээр лицензтэй нэвтрэхээр заасныг өөрчилж, “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам”-аар зөвшөөрөл авах шаардлагагүй бодисын жагсаалтад орсноос бусад химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр лицензтэйгээр нэвтрүүлж байхаар болж байна.

Байгаль орчны багц хуулийн өөрчлөлтийн хүрээнд Хог хаягдлын тухай хуулиар аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглож, харин түүнийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгөөр экспортолж байхаар хуульчилсан. Иймд аюултай хог хаягдлыг Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалтад оруулж, лицензтэйгээр улсын хилээр гаргаж байх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн байгалийн баялгийг зохистой ашиглах, хууль бус загас агнуурыг зогсоох зорилгоор загас агнуурын зориулалттай бүх төрлийн торны импортыг хяналттай болгох шаардлагатай байгаа юм.

Үүнээс гадна амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан 17 зүйл нэн ховор амьтад, Засгийн газрын 07 дугаар тогтоолоор батлагдсан ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн амьтад, тэдгээрийн гаралтай түүхий эд, генетикийн мэдээлэл агуулсан эд эрхтэн, эс, цус, сийвэн зэргийг Улсын хилээр лицензтэйгээр нэвтрүүлэх барааны жагсаалтад оруулах шаардлагатай байгаа аж. Хууль эрх зүйн зохицуулалтаар зохицуулагдаж буй бараа нэг бүрийг Гаалийн ерөнхий газартай хамтран уялдуулсан системийн кодод хамруулан Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалтад оруулахаар тогтжээ.

Хуваалцах