ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн: Энэ жил буудай төмсний дотоодын хэрэгцээг бүрэн, хүнсний ногоог 55 хувиар хангаж байна
2016 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр нийтдээ 475.8 мянган тонн үр тариа, үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7 мянган тонн төмс, 93.5 мянган тонн хүнсний ногоо, 19.6 мянган тонн тосны ургамал,
Мэдээллийн алба

Ургац хураалтын урьдчилсан дүн гарсантай холбогдуулан Ургац хураалтын улсын комисс хуралдлаа. Хуралдааныг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг хэллээ.
Улсын ургацын комиссын гишүүд та бүхний амрыг эрэн мэндчилье.
2016 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр нийтдээ 475.8 мянган тонн үр тариа, үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7 мянган тонн төмс, 93.5 мянган тонн хүнсний ногоо, 19.6 мянган тонн тосны ургамал, 50.6 мянган тонн тэжээлийн ургамал хураан аваад байна. Энэ нь буудай төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн, хүнсний ногоогоор 55 хувиар хангаж байгаа үзүүлэлт юм. Дараа оны тариалалтад зориулан 388.9 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж 45.5 мянган тонн үр нөөцөлсөн байна.
Улсын ургацын комиссоос ургац хураалтын ажлыг эрчимжүүлэн зохион байгуулах албан даалгавар гаргаж, ургац хураалтад оюутан залуучууд, цэрэг дайчдыг өргөнөөр оролцох уриалгыг гаргаж ажилласан.
Комиссын гишүүд өөр өөрийн хариуцах үүргийн хүрээнд амжилттай ажилласанд талархаж байна. Ургац тээврийн зам, гүүрийн засвар, ургацын тээвэр болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах, үтрэм, элеваторын ажлыг эрчим хүчээр хэвийн хангах, оюутан залуучууд цэрэг дайчдыг ургац хураалтад оролцуулах, нийслэлд төмс, хүнсний ногооны худалдаа, Намрын ногоон өдрүүд, Алтан намар-2016 арга хэмжээ, хүнсний болон үрийн буудай хүлээн авах, цаг уурын мэдээг цаг тухай бүр сааталгүй мэдээлэх, шаардлагатай хөрөнгө санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулан ажилласныг зориуд тэмдэглэж байна.
Тариалан эрхлэлтийг дэмжих санд өр авлагадаа хүлээн авах буудайн үнийг стандартад заасан чанар үзүүлэлтийн зэрэгтэй уялдуулан буудайн өөрийн өртөг, тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх ашиг зэргийг тооцоолж тонн тутмыг 500,0-560,0 мянган төгрөгөөр тогтоож, гурилын үйлдвэрүүд тооцоолсон жишиг үнээс буулгахгүй байх зөвлөмжийг хүргүүлэн ажилласан.
Ургац хураалтын ажил сааталгүй үргэлжилсэнгүй. Ургацын урьдчилсан баланс тодорхой хэмжээгээр буурсан. Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг бүхэлдээ Төв аймгийн зарим бүс нутгуудад хур тундас багатай гандуу байснаас ургац алдаж нэгжээс дунджаар 3.6-8.0 цн ургац хураан авсан байна.
Бусад бүс нутагт цаг агаар харьцангуй тааламжтай байж чамлахааргүй ургац бүрдсэн боловч 9,10 дугаар саруудад нийт нутгаар хур тунадас ихтэй, талбайд техник ажиллах боломж хомс байсан нь хураалтын ажилд хүндрэл учруулан, ургацын хаягдлыг нэмэгдүүлснээр хураан авах боломжит ургацын хэмжээнд сөргөөр нөлөөлсөн.
Ганд нэрвэгдсэн 31.3 мянган га, болц дутуу 1.0 мянган га талбайг тэжээлд шилжсэнээр 32.3 мянган га талбайн ургац хураагдаагүй болно. Ургац хураалтын техникийн хангамжийг нэмэгдүүлэх, ялангуяа ангилан хадах технологийг мөрдөн ажиллах нь чухал гэдгийг дахин санууллаа.
Ээлжлэн тариалалтын сэлгээнд нэг ба олон наст, буурцагт таримлын төрлийг нэмэгдүүлж хөрсний үржил шимийг хамгаалах, цулгуй уриншийн хэмжээг бууруулж эрчимжсэн мал аж ахуй газар тариалан хослон хөгжүүлэхэд төрөлжсөн үрийн аж ахуй байгуулж үрийн хангамжид анхаарах, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн үйлчлэх хугацаа энэ онд дуусч байгааг цаашид үргэлжлүүлэх асуудлыг Их хурал Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэхэд санаачлага гарган ажиллах болно. Энэ ажилд улсын ургацын комиссын гишүүд та бүхний оролцоо чухал шүү гэдгийг дахин тэмдэглэж байна.
Цаашид ургац хураалтын ажилд оюутан залуучуудыг өргөнөөр оролцуулах, дайчлах арга хэмжээг холбогдох байгууллагуудтай зөвшилцөн эртнээс зохион байгуулалтад оруулах,
Эрчим хүчний шугамын засвар үйлчилгээ хийх хуваарийг тариалалт, ургац хураалтын үетэй давхцуулахгүйгээр зохион байгуулахаар эртнээс төлөвлөх,
Ургац тээврийн ажилд тээвэрчдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж ачаа эргэлт, бүртгэл, замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавих ажлыг сайжруулах боломжийг бүрдүүлэх зэргийг анхаарч ажиллахыг зөвлөж байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
Эх сурвалж: ХХААХҮ


















