ХХААХҮ-ийн сайд тариалангийн бүс нутгуудаар ажиллалаа
ХХААХҮ-ийн сайд П. Сэргэлэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дахь улсын үрийн нөөцийн тариалалт, хураалт, үрийн чанар байдалтай газар дээр нь очиж танилцлаа
Мэдээллийн алба

ХХААХҮ-ийн сайд П. Сэргэлэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дахь улсын үрийн нөөцийн тариалалт, хураалт, үрийн чанар байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
Энд ургац хураалт 60 хувьтай явж байгаа бөгөөд Дархан-144, Дархан- 34, Дархан-131, Дархан-169 гэсэн дөрвөн төрлийн элит үр тариалж байна. Дархан–Уул аймгийн 4 сум хоорондоо газар зүйн байрлал, экологийн орчин, ургамлан бүрхэвч, хөдөө аж ахуйн эдэлбэр газрын ашиглалт, зориулалтын хувьд харилцан адилгүй байдаг. Аймгийн нийт хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 75.3 хувь нь Хонгор суманд байдаг байна.
Хонгор суманд үр тарианы үйлдвэрлэл, буудай, төмсний сортын үр үйлдвэрлэл, усалгаатай үр тарианы үйлдвэрлэл, таримал тэжээлийн үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд ажлын хэсэг улсын үрийн нөөцийн хураалтын явцтай газар дээр нь танилцсан юм.
Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал Н.Баярсүх "Дархан-144 сорт нь Селекцийн СТ-416хГрекум-144 сорттой эвцэлдүүлсэн эрлийз материалаас шилэн сонголтын аргаар гаргаж авч 2009 онд нутагшсан сортоор батлагдсан сүүлийн жилүүдэд арвин ургац өгч байгаа сортуудын маань нэг юм. Судлаачдын тогтоосноор аж ахуй биологийн онцлогийн хувьд дунд оройн болцтой, ургалтын хугацаа 87-93 хоног, ургах чадавхи өндөртэй 33.4 ц/га. Налалт, ган, үрийн асгаралтанд тэсвэртэй, талбайн нөхцөлд тоост харуу өвчинд гойд тэсвэртэй, септориоз, альтернариоз өвчинд тэсвэртэй сорт гэж судлагдаад байна" гэлээ.


















