Хог хаягдлыг түүхий эд болгон ашиглах цаг иржээ
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Махеш Прадхан, хөтөлбөрийн Монгол Улс талын зөвлөх Др. Д.Дагвадорж нар өчигдөр Дархан-Уул аймагт очиж аймгийн Засаг дарга С.Насанбат, Засаг даргын орлогч Т.Ганболд болон бусад албаны төлөөлөлтэй уулзалт хийсэн байна.
Мэдээллийн алба

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Махеш Прадхан, хөтөлбөрийн Монгол Улс талын зөвлөх Др. Д.Дагвадорж нар өчигдөр Дархан-Уул аймагт очиж аймгийн Засаг дарга С.Насанбат, Засаг даргын орлогч Т.Ганболд болон бусад албаны төлөөлөлтэй уулзалт хийсэн байна. Уулзалтаар хог хаягдлыг тээвэрлэх, ялгах, ангилах, хоёрдогч түүхий эд болгон ашиглаж үр ашгийг нь нэмэгдүүлэх, түүнийг дагасан ажлын байр бий болгох гэсэн хог хаягдлын цогц менежментийг боловсруулж хэрэгжүүлэх талаар ярилцаж санал солилцжээ.
Хог хаягдлын асуудал нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг. Энэ ч утгаараа өндөр хөгжилтэй орнууд нэгдэн “Уур амьсгалын ногоон сан”-г байгуулдаг юм байна. Энэхүү сангаас хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд эерэгээр нөлөөлөх, сул талыг давуу тал болгон ашиглах шийдэл бүхий санаа санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг дэмжин санхүүжүүлэхдээ нэг төсөл хөтөлбөрт 50 сая доллар хөрөнгө оруулалтыг хийдэг ажээ.
Төслийн баримт бичиг, суурь судалгааны ажил хийгдэж байгаа бөгөөд суурь судалгаатай холбогдуулан “Сан-Оргиу” ХХК, Дархан хотын нэгдсэн хогийн цэг, Төв цэвэрлэх байгууламж болон энэ онд нээлтээ хийсэн 10 Мвт хүчин чадал бүхий нарны цахилгаан станцын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
Төслийн суурь судалгааны ажлаар 2017 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо уулзалт зохион байгуулах аж. Түүнчлэн олон улсын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид энэ үеэр Дархан-Уул аймагт очиж, хогийн цэгтэй танилцах юм байна.


















