Хохирогчдыг хохиролгүй болгоно
Дашрамд өгүүлэхэд хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулахад 36.1 тэрбум төгрөг шаардлагатай юм байна.
Мэдээллийн алба

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар "Төслийг хэлэлцэх нь зүйтэй" хэмээн дэмжлээ.
Борооны дараах мөөг шиг шил шилээ даран дампуурж, модоо барьсан хадгаламж зээлийн хоршооллын хохирогчдын зарим нь өнөө хүртэл хохиролоо бүрэн гүйцэд барагдуулж чадаагүй байгаа. Тиймээс иргэдийг хохиролгүй болгохын тулд хураагдсан эд хөрөнгийг худалдан борлуулах замаар хохирлыг барагдуулна хэмээн заалт тусгагдаад байсан юм.
Энэ нь хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө хадгалуулаад буцаан авч чадаагүй иргэдийн хохирлыг барагдуулахтай холбоотой асуудал юм. Иргэдийг хохиролгүй болгохын тулд хураагдсан эд хөрөнгийг худалдан борлуулах замаар асуудлыг шийдвэрлэхээр заалт тусгаад байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Арилжааны банкууд дампуурахад татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг барагдуулдаг. Хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө алдчихсан иргэдээ болохоор асуудлыг нь шийдэхгүй хойшлуулаад явж болохгүй. Цаана нь хүний эрхийн асуудал байгаа. Төрийн буруутай үйл ажиллагаанаас болоод иргэд хохирчихсон байдаг. "Гэр хорооллын барилгажилт" хадгаламж зээлийн хоршоо дампуураагүй байхад дампуурсан гэж зарласан байх жишээтэй. Үүнээс болж ноцтой асуудлууд үүссэн. Тус хоршооны эзэмшилд байсан газрыг зарахад өөрсдийнх нь үнэлснээс хоёр дахин өндөр үнэ хүрсэн байдаг. Хэд, хэдэн лиценз байсныг нь хууль хяналтын байгууллагынхан хурааж авсан нэрийн дор алга болгосон. Өдий төдий өмч хөрөнгө ийм байдлаар алга болж, хохирогчдын хохирлыг ч барагдуулсан юмгүй үрэн таран болсон. Тиймээс асуудлыг хойшлуулалгүй шийдэх цаг болсон" гэж үзсэн юм.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулах асуудлыг УИХ-д оруулж ирэх шаардлага Засгийн газарт байгаагүй. Хууль зүйн сайд нь шийдвэрээ гаргаад зохицуулж болох. Болдоггүй юм бол Засгийн газар тогтоол гаргаад шийдчих бололцоотой байхад асуудлыг УИХ-руу оруулж ирсэн нь зохисгүй" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлэв.
Гишүүд дээрх хуулийн төсөлтэй холбогдуулж байр сууриа илэрхийлсний дараагаар санал хураалгахад УИХ-ын гишүүдийн олонхи нь төслийг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэсэн юм.
Дашрамд өгүүлэхэд хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулахад 36.1 тэрбум төгрөг шаардлагатай юм байна.


















