Хонь жилийн онцлох үйл явдлууд
Хонь жилийн отгон өдрүүдэд нийслэлд гурван ихэр, орон нутагт малчны гэрт ихэр хүү мэндэлсэн бэлгэшээлтэй үйл явдал болсныг бид онцолж байна.
Мэдээллийн алба

XVII жарны модон хонь жил монгол түмэнд үр өгөөжөө өгсөн сайхан жил байлаа.

Монгол түмний хувьд эрийн гурван наадам тухайн жилийн өнгийг тодорхойлдог гэж ярих нь бий. Төрийн их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд хэн түрүүлж, мэргэн харваачид хэдэн сум тавьж, хэд онож, хэний хурдан буян магнайдаа тоосгүй ирсэн гээд наадам тойрсон сонин, сайхан яриа бараг л дараа жилийн наадам хүртэл үргэлжилдэг билээ. Хонь жилийн онцлох мэдээллийнхээ эхэнд бид үндэсний их баяр наадмыг тодотголоо.
Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадамд 512 бөх уран мэхийг уралдуулан барилдаж, наадамчин олноо баясгасан юм. Хүчит бөхийн барилдаанд Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтийн аварга", Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх Э.Оюунболд ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртсэн. Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэсэн юм. Их шөвөгт Улсын заан Ч.Санжаадамба, Улсын гарьд Б.Гончигдамба нар шалгарсан.
Энэ жилийн баяр наадмаар шинээр арслан, харцага, начин цолтнууд төрсөн. Тодруулбал, Монгол Улсын харцага цолыг Ховд аймгийн Чандмань сумын харьяат Н.Батзаяа, Сэлэнгэ аймгийн Жавхлан сумын харьяат Б.Одгэрэл нар хүртсэн. Харин начин цолтон долоо төрөн гарсан юм.
1. Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат "Түшээт ханы аварга" дэвжээ, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 014-р анги, "Эфес" төвийн бөх аймгийн хурц арслан Алтангэрэлийн Алтанхуяг
2. Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат "Хангарьд" спорт хороо, Хантайшир дэвжээ, "Амгалан уртуу" ХХК-ийн бөх аймгийн хурц арслан Шоовдойхүүгийн Шинэбаяр
3. Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат "Хилчин" спорт хороо, Завхан дэвжээ, "Засагт хан" групп, "Жеминтернэшнл" ХХК-ийн бөх аймгийн арслан Ганболдын Баасандорж
4. Архангай аймгийн Булган сумын харьяат Хууль сахиулахын их сургуулийн "Соёмбо" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээ, "Сүмт Өргөө" ХХК, "Оюут хясаа" ХХК-ийн бөх аймгийн арслан Чагнаадоржийн Ганзориг
5. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат "Жавхлант" дэвжээ, "Их Модун" группын бөх аймгийн арслан Болдбаатарын Бо.Батжаргал
6. Увс аймгийн Түргэн сумын харьяат "Увснуур" дэвжээ, "Бутгангууд" констракшн,"Насны зам" ХХК-ийн бөх аймгийн арслан Даваасамбуугийн Энхбаяр
7. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат "Алдар" спорт хороо, "Хангарьд" клуб, "Хур харцага" дэвжээний бөх аймгийн арслан Эрдэнэбатын Даш нар Улсын начин цол хүртсэн билээ.
Монголчуудын уухайн түрлэгээр үргэлжилдэг наадмын нэг хэсэг бол сурын харваа. Харваачид цэц мэргэнээ сорьсон энэ жилийн наадамд эрэгтэй харваачдаас 40 сумнаас 35 онож Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач Базарын Батбаатар түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртсэн билээ. Харин эмэгтэй харваачдаас 40 сумнаас 36 сум онож Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач Санжаадоржийн Энхтунгалаг түрүүлж, Монгол Улсын хошой мэргэн цол хүртсэн. Тэд нэг гэр бүлийн хоёр юм. Энэ жилийн үндэсний сурын харвааны тэмцээнийг ийнхүү нэг гэр бүлийн хоёр тэргүүлсэн нь наадмын нэг содон үзэгдэл байв.

Баяр наадмын өдрүүдээр хурдан морьдын уралдаан үзэж, хийморио сэргээхээр “Хүй долоон худаг”-ийг зорих хүн олон байдаг. Хонь жил ч энэ уламжлал хадгалагдсан гэж хэлж болно. Хонь жилийн наадмын хурдан морьдын уралдааны түрүү, айраг хүртсэн тойм мэдээллийг та бүхэн ЭНДЭЭС унших боломжтой.

Өнгөрөгч 12 дугаар сард манай улсаас Бурхан Халдун уулыг Дэлхийн соёлын өвд, Ингэ хөөслөх ёсыг Соёлын Биет бус өвийн жагсаалтад бүртгэж авснаар манай улсаас дэлхийд бүртгүүлсэн Соёлын өвийн жагсаалт хоёроор нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулж мэдээлэхэд, манай улсаас ЮНЕСКО-гийн Соёлын Биет бус өвийн жагсаалтад нийтдээ 13 өв бүртгэгдсэн байдаг. Харин Дэлхийн соёлын өвд гурав, Байгалийн өвд нэг газар бүртгэгджээ. Энэ талаарх дэлгэрэнгүй та бүхэн ЭНДЭЭСуншаарай.
Хонь жилийн онцлох мэдээллээ бид мал сүргийн тоогоор үргэлжлүүлж байна. 2015 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 55957.6 мянган толгойд хүрч, 2014 оныхоос 7.6 хувь буюу 3975.0 мянгаар өслөө. Тодруулбал, адуун сүргийн тоо толгой 3294.6 мянга, үхэр 3779.5 мянга, тэмээ 367.9 мянга, хонь 24933.4 мянга, ямаа 23582.2 мянгад хүрсэн нь урд байгаагүй өндөр үзүүлэлт юм. Өнөө жил өнгөрсөн жилийнхээс адуу 298.8 мянга, үхэр 365.6 мянга, тэмээ 18.6 мянга, хонь 1718.6 мянга, ямаа 1573.3 мянган толгойгоор өсчээ. Хонь жилд Монголын мал сүрэг таван төрөл дээр өслөө.

Жил бүр яруу найрагт дуртай Монголчуудын хүсэн хүлээдэг наадам бол “Болор цом”. “Болор цом-33” яруу найргийн наадам нийслэл хотноо өнгөрсөн долоо хоногт амжилттай болж өндөрлөлөө. Энэ жил Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар “Суурин иргэншлийн цаг” шүлгээрээ түрүүлж, “Болор цом”-ын эзэн болсон юм. Дэд байрт “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Х.Эрдэнэбаатар шалгарсан. Харин гуравдугаар байрыг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч М.Уянсүх, дөрөвдүгээр байрыг “Болор цом”-ын дэд байрын эзэн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш, тавдугаар байрыг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Ганзул эзэлсэн юм. Шагналт байрт яруу найрагч Б.Баттулга орсон. “Болор цом-33” наадмын фото сурвалжлагыг ЭНДЭЭСүзээрэй.

Хонь жилийн отгон өдрүүдэд нийслэлд гурван ихэр, орон нутагт малчны гэрт ихэр хүү мэндэлсэн бэлгэшээлтэй үйл явдал болсныг бид онцолж байна. Хоёрдугаар сарын 4-нд ЭХЭМҮТ-д гурван ихэр хүүхэд мэндэлсний хоёр нь охин, нэг нь хүү байлаа. Охид 1.8-1.9 кг жинтэй төрсөн бол хүү 2.1 кг жинтэй байсан тухай эх баригч эмч нь бидэнд мэдээлсэн. Мөн Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг “Шар ямаат” гэх газар өвөлжиж байгаа Н.Ганхуягийнд энэ сарын 3-ны өдөр хоёр ихэр хүү мэндэллээ. Ихрүүд болоод ээжүүдийн бие сайн байгаа таатай мэдээг олон хүн уншиж, эерэг сэтгэгдэл үлдээсээр байна.
Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан байж, Сар шинэдээ сайхан шинэлээрэй.


















