Хоногийн настай дэгдээхийг дотоодоосоо нийлүүлнэ
Манай улсад 405 аж ахуйн нэгж шувууны аж ахуй эрхэлдэг. Эдгээр аж ахуйн нэгжүүд хоногийн настай дэгдээхийг ОХУ болон Хятад улсаас импортолдог.
Мэдээллийн алба

Манай улсад 405 аж ахуйн нэгж шувууны аж ахуй эрхэлдэг. Эдгээр аж ахуйн нэгжүүд хоногийн настай дэгдээхийг ОХУ болон Хятад улсаас импортолдог. Тэгвэл хоногийн настай дэгдээхийг одоо дотоодоосоо нийлүүлэх боломж бүрдэж байна. Шувууны тэжээл үйлдвэрлэдэг “Баялаг эмээлт” компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн Говьсүмбэр аймгийн Чойр хотод хоногийн настай дэгдээхий үржүүлэх “Эх сүрэг”-ийн аж ахуйгаа танилцууллаа.
“Баялаг эмээлт” компани өнөөдрийн байдлаар Хай лайн (Hy-line) үйлдвэрийн 3000 гаруй өндөглөгч тахиа үржүүлж байна. Сайн чанарын тэжээл, арчилгаа, маллагааг бүрдүүлсэн эх сүргийн аж ахуйг эднийх ашиглалтад оруулж эхлээд найман сар болж байгаа ч томоохон шувууны аж ахуйнуудтай хамтран ажиллаж эхлээд байгаа аж. Ингэснээр шувууны аж ахуй эрхлэгчид хугацаа алдалгүйгээр, хямд өртгөөр хоногийн настай дэгдээхийг дотоодоосоо авах боломж бүрдэж байна.

Манай улс 1960 оноос сайд шувууны аж ахуйтай болж байсан. Мөн 1976 оноос хоногийн настай дэгдээхийг орон нутагт өсгөж үржүүлж эхэлжээ. Гэсэн хэдий ч 90-ээд оноос эдгээр аж ахуйн нэгжүүдийг хувьчилснаар хоногийн настай дэгдээхийг ихэнхдээ импортоор оруулж ирэх болсон юм.
Баялаг эмээлт компани “Эх сүрэг”-ийн аж ахуй эрхлэхээс гадна шувууны тэжээлийн үйлдвэртэй. Энд өдөрт 15-20 тонн тэжээл үйлдвэрлэж дотоодын зах зээлийн 20-30 хувийг хангаж байна.


















