Хордож амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд 3 сая төгрөг өгчээ
“Петрочайна Дачин Тамсаг” компаниийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн зарим Монгол ажилтан үл мэдэгдэх шингэн зүйл ууж хордсоны улмаас дөрвөн хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
Мэдээллийн алба

“Петрочайна Дачин Тамсаг” компаниийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн зарим Монгол ажилтан үл мэдэгдэх шингэн зүйл ууж хордсоны улмаас дөрвөн хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Үүнтэй холбогдуулж, “Петрочайна Дачин Тамсаг” компанийн 21 дүгээр талбайн дарга Ли Ян Хунг нас барсан ажилчдын ар гэрийнхний төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр “Петрочайна Дачин Тамсаг” компанийн 21 дүгээр талбайн дарга Ли Ян Хун, АМГТХЭГазрын төлөөлөгч Б.Мөнхбат, “Петрочайна Дачин Тамсаг” компанийн Хайлаар хот дахь Аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтсийн дарга Күнг Фан Зин болон кемпийн инженер техникийн албаныхан талийгаач нарын ар гэрийнхэнтэй уй гашууг нь хуваалцаж, өрх айл тус бүрт гурван сая төгрөгийн тусламж өгсөн юм.
Энэхүү уулзалтад хүрэлцэн ирж амжаагүй талийгаачдын ар гэрийнхэнд 21-р талбайн Захиргааны менежер Г.Доржпалам талбайн удирдлага, хамт олны эмгэнэлийг гэр гэрт нь уламжилж, өрх тус бүрийн гурван сая төгрөгийн мөнгөн хандивыг хүлээлгэж өглөө. Мөн тус кемпийн Монгол ажилчдаас сэтгэлийн хандиваар хуримталсан нэг сая төгрөгийг талийгаачдын ар гэрийнхэнд тэнцүү хувааж өгөв.
Урьд нь нийгмийн хариуцлагын хүрээнд, газрын тосны 21-р талбайн удирдлагын санаачилгаар тархины хүнд өвчтэй хүүхдийн эмчилгээ сувилгаа, Буйр нуурт болсон осол, аймаг, сум орон нутагт болсон тал хээрийн түймэр, цаг агаарын хүндрэл бэрхшээл, хорио цээрийн дэглэмийн үед эд материал болон мөнгөн тусламжийг удаа дараа үзүүлж байсан уламжлалтай ажээ.
Дашрамд дурдахад, “Петрочайна Дачин Тамсаг” компаниийн 21 дүгээр талбайн хувьд, гэрээний дагуу туслан гүйцэтгэгч компаниудаар хайгуул, олборлолтын үйл ажиллагаагаа гүйцэтгүүлдэг. Тэдгээрийн дотор багтдаг туслан гүйцэтэгч “Зөв боломж” ХХК зөвхөн монгол ажилчдыг ажилд зуучлахын зэрэгцээ тэдний ажлын гүйцэтгэл, хоол унд, орон байр, цалин хөлс зэргийг гардан хариуцаж ажилладаг байна.
Б.Отгонбавуу


















