Хоригдлуудыг бичиг баримтжуулах ажил өрнөж байна
Энэ сард Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэний бүртгэлийн хэлтсүүдтэй хамтран Хорих 401, 405, 411, 429, Цагдан хорих 461 дүгээр ангиудад ажиллах ба оны эхний хагас жилд багтаан орон нутаг дахь хорих ангиудад ажиллахаар төлөвлөжээ.
Мэдээллийн алба

ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газраас хорих анги, шийдвэр гүйцэтгэх албанд ял эдэлж буй нийт хоригдогсдыг бичиг баримтжуулах ажлыг эрчимжүүлж, Иргэний бүртгэлийн газартай хамтран ажиллаж байна. Тус ажлын хүрээнд шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй хоригдогсдыг нэгдсэн байдлаар хамруулах, бүртгэлд хамрагдсан ч иргэний цахим үнэмлэхээ аваагүй хоригдогсдын үнэмлэхийг харьяаллын нутаг дэвсгэрийн иргэний бүртгэлийн байгууллагаас гаргуулах, иргэний үнэмлэх, бичиг баримтын зөрчлийг арилгуулах зэрэг ажлуудыг хийжээ.
Тогтоол гүйцэтгэх газрын Нийгэм, сэтгэл зүйн хэлтсээс Иргэний бүртгэлийн газар болон Баянзүрх, Багануур дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсүүдтэй хамтран өнгөрсөн сард хорих 407, 409, 421, 441, баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангиудад ажиллаж, нийт 171 хүмүүжигчийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулж, хурууны хээ өгсөн боловч цахим үнэмлэх аваагүй нэр бүхий 104 хоригдогсдын лавлагааг иргэний бүртгэлийн мэдээллийн сангаас шүүлгэж, иргэний үнэмлэх гарсан харьяа нутаг дэвсгэр, дүүрэг, хороог тодорхой тайлбарлаж өгчээ.