Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоршооны гишүүн биш гэсэн шалтгаанаар хасагдсан малчдад урамшууллын мөнгийг олгож эхэллээ

2015 оны ноосны урамшууллаас хоршооны гишүүн бус гэсэн шалтгаанаар хасагдсан малчин өрхүүдэд урамшууллын мөнгийг олгож эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Хоршооны гишүүн биш гэсэн шалтгаанаар хасагдсан малчдад урамшууллын мөнгийг олгож эхэллээ
Хоршооны гишүүн биш гэсэн шалтгаанаар хасагдсан малчдад урамшууллын мөнгийг олгож эхэллээ. Зураг: МҮОНРТ

2015 оны ноосны урамшууллаас хоршооны гишүүн бус гэсэн шалтгаанаар хасагдсан малчин өрхүүдэд урамшууллын мөнгийг олгож эхэллээ. Ингэснээр 5020 малчин өрхийн дансанд 707.6 сая төгрөг дансанд нь шилжүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газраас 2011 оноос ноосны, 2013 оноос арьс, ширний урамшууллыг малчин өрхөд олгодог болсон.

Өнөөдөр зах зээлд нэг килограмм ноос 600-900 төгрөгийн үнэтэй. Малчид энэ үнээр дотоодын үйлдвэрүүдэд өгөөд, үүн дээрээ нэмж хонь, тэмээний ноосонд 1000-2000 төгрөг , хонины нэхийнд 3000 төгрөг, үхэр, адууны арьс ширэнд 15.000 төгрөгийн урамшууллыг авч байна.

Ноосны урамшуулал

Он Малчны тоо Ноосны хэмжээ /тонн/ Мөнгөн дүн /тэрбум төгрөг/ 2011 32 977 4924.9 тн 9.8 2012 103 162 14.696.6 тн 29.4 2013 117 667 18.307.3 тн 36.6 2014 80 619 16.643.5 тн 18.3 2015 74 387 16.897.0 тн 18.6 ДҮН 408 812 71.468.4 тн 112.7

2015 онд малчид дотоодын үйлдвэртээ бэлтгэн тушаасан ноосондоо 18.6 тэрбум, төгрөгийн урамшуулал авчээ. Хоршоонд нэгдэж чадаагүй, эсвэл бүртгүүлээгүй байсан 5020 малчин өрх энэхүү урамшууллаас хоцроод байсан бол тэдний урамшууллыг дансанд нь шилжүүлсэн гэж ХХААХҮЯ мэдэгдлээ.

ХХААХҮЯ-ны харьяа мал хамгаалах сангийн менежер Ц.Нямсүрэн

Мөн тухайн үед данс буруу гэсэн шалтгаанаар урамшууллаа аваагүй байгаа 209 малчны 27.7 сая төгрөгийг удахгүй шийдэхээр болжээ.

Арьс ширний урамшуулал

Арьс ширний урамшуулал 2013 оны сүүлийн хагас 2014 оны эхний хагас 2014 оны сүүлийн хагас НИЙТ Урамшуулалд хамрагдсан малчны тоо 29 811 3 085 54 535 87 431 Арьс ширний тоо Бод:40 620 Бог: 770 297 Бод: 806 Бог: 54 184 Бод: 159 654 Бог: 1854 943 2.8 сая Урамшууллын дүн /төгрөг/ 2.7 тэрбум 219 сая 7.9 тэрбум 10.8 тэрбум

Тэгвэл арьс, ширний урамшуулалд 2015 онд 21 аймаг нийслэлийн нийт 40460 малчин 8.5 тэрбум төгрөгийн урамшууллыг аваад байна. Харин зөрчилтэйн улмаас 4249 малчдын 958.095.000 төгрөг шилжигдээгүй хүлээгдэж байна.

Урамшууллыг хэрхэн олгодог вэ

Малчдын бэлтгэсэн ноос болон арьс, ширийг үндэсний үйлдвэрлэгчид хөдөө орон нутагт томилогдсон төлөөлөгч буюу бэлтгэн нийлүүлэгчээрээ дамжуулан авдаг.

Аль үйлдвэр хичнээн хэмжээний ноос, арьс шир авсан тухай дүн мэдээг Ноосон бүтээгдэхүүн болон Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоон дээрээ нэгтгэж, ХХААХҮЯ-ны харьяа Мал хамгаалах сан руу явуулдаг ажээ.

Мөн малчид тушаасан ноос, арьс ширнийхээ баталгаат хуудсыг орон нутгийнхаа төр захиргааны байгуулллагад бүртгүүлнэ. Бүртгэлийн тухай мэдээллийг орон нутгийн мал үржлийн тасаг, хөдөө аж ахуйн газраас Мал хамгаалах санд ирүүлнэ. Ингээд хоёр талын дүнг нэгтгэн урамшууллын хэмжээг тогтоодог байна.

Урамшуулал олгодог болсноор гарсан үр дүн

Үндэсний үйлдвэрүүдэд түүхий эдээ тушаасан малчдад урамшуулал олгож эхэлснээр энэ төрлийн аж ахуй эрхлэгчдийн тоо тав дахин нэмэгдсэн судалгааны дүн байна. Ноосоо угааж гадагш гарган валют олж ирдэг үйлдвэрүүд нэлээн нэмэгджээ. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 300-аад үйлдвэр байна. Цаашид засгийн газар энэхүү бодлогоо 4-5 жил үргэлжлүүлж, түүхий эдийн нөөцөө алдахгүйгээр барьж чадвал арьс шир болон ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөл дээрээ босно гэж үзэж байна.

“Урамшуулал олгодог болсноор, нэгдүгээрт, Малчны орлогыг нэмж байна. Бэлэн мөнгөөр дутагдаж байдаг малчид мөнгөтэй болсон, хоёрдугаарт , Үндэсний үйлдвэрүүд түүхий эдээ бүрэн авч чадахгүй гадагш алдчихдаг байсан. Өмнө нь юм хийгээд ч нөөцөө урагш алдчихдаг байсан. Арьс шир ч үгүй, ноос ч үгүй суудаг байсан. Харин одоо бол хонь, тэмээний ноосоор бүрэн хангагдсан, гуравдугаарт, Мал сүргийн зохистой бүтцийг хангахад үр дүнгээ өгч байна. Ялангуяа хонь ямааны бүтцийг барихад чухал ач холбогдолтой болсон. Хонио үржүүлээд өсгөөд байвал урамшуулал аваад байх юм гэдэг ойлголттой болсон. Одоо ихэнх ноосоо үндэсний үйлдвэртээ өгдөг болсон” гэж Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Ё.Энхтөр ярьж байна.

Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны УЗ-ийн гишүүн Ё.Энхтөр

“Монгол Улсын хэмжээнд нэг жилд 25 мянган тонн ноос бэлтгэгддэг. Үүнээс 20 гаруй тонныг нь үндэсний үйлдвэрүүд авч, 40 хувийг нь эсгий хивс, сүлжмэл утас гэх мэт эцсийн бүтээгдэхүүн болгож гаргаж байна. Цаашдаа бүх түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгоно. Ажлын байр бий болж байдаг, Монголынхоо эрчим хүчийг ашиглаж, татвараа төлж байдаг гэдэг утгаараа аль болох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй” гэж Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Ё.Энхтөр нэмж хэлсэн юм.

Д.Нарантуяа

Хуваалцах