Хорт хавдрын бай эмчилгээг Эрүүл мэндийн даатгалаар хийж эхэллээ
Хорт хавдрын орчин үеийн эмчилгээний дэвшилтэт технологиудын нэг нь химийн бай эмчилгээ юм.
Мэдээллийн алба

Хорт хавдрын орчин үеийн эмчилгээний дэвшилтэт технологиудын нэг нь химийн бай эмчилгээ юм. Молекул генетикийн оношлогоон дээр үндэслэн тухайн хүний ген болон хавдрын генд нь чиглэн хийгддэг бай эмчилгээ бол хавдрын ургалт, үсэрхийллийг зогсоох, эмчилгээний боломжийг нэмэгдүүлэх, өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэхэд өндөр үр дүнтэй эмчилгээ билээ.
ХСҮТ бай эмчилгээний гол суурь болсон молекул генетикийн лабораторитой болох, оношилгоо, эмчилгээний технологийг нутагшуулах төслийг 2014 оноос хэрэгжүүлж ирсний зэрэгцээ өндөр өртөг бүхий бай эмчилгээг ЭМД-д хамруулах талаар хууль боловсруулагчид, шийдвэр гаргагч нарын түвшинд нөлөөллийн ажлуудыг тасралтгүй хийсэн.
Эдгээр ажлын үр дүнд ЭМД-ын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2021 оны гуравдугаар сарын 1-ээс өндөр өртөг бүхий хавдрын бай эмчилгээг иргэд ЭМД-аар хийлгэх боломж бүрдлээ. Орчин цагт өндөр хөгжилтэй улс орнуудад хийгддэг дэвшилтэт технологи бүхий химийн эмчилгээг хорт хавдраар өвдсөн иргэд эх орондоо, ЭМД-аараа хийлгэх боломж бүрдээд байна.
Эх сурвалж: ХСҮТ


















