“Хот ба сэтгүүлч” уламжлалт уулзалт боллоо
Нийслэлийн үе үеийн удирдлагууд хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй уулзан хийж буй ажлаа тайлагнаж, хийх ажлаа танилцуулдаг уламжлалтай.
Мэдээллийн алба

Нийслэлийн үе үеийн удирдлагууд хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй уулзан хийж буй ажлаа тайлагнаж, хийх ажлаа танилцуулдаг уламжлалтай. 2009 оноос хойш зохион байгуулагдаж буй "Хот ба сэтгүүлч” нэртэй энэхүү уламжлалт уулзалтын энэ удаагийнхыг өнгөрсөн баасан гарагт нийслэлийн ЗДТГ, МСНЭ хамтран зохион байгуулж хэвлэл мэдээллийн өргөн төлөөлөл оролцлоо.
"Хот ба сэтгүүлч” уулзалтад НИТХ-ын дарга Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Захирагчийн ажлын албаны харъяа газрууд, нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын дарга нар оролцож хэвлэл мэдээллийн салбарынханд ажлаа танилцуулав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон нийслэл хотыг 2016-2020 онд хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулж, нийслэлийн бие даасан эдийн засгийн бүтцийг бий болгох бодлого барьж буйгаа мэдээлэв. Тэрбээр "Нийслэлийг тусгай статустай засаг захиргааны нэгж болгох саналыг миний зүгээс Засгийн газарт тавьж байгаа тавьж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг Засгийн газарт өргөн барьсан. Статусыг нь дээшлүүлэхгүйгээр нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжгүй” гэж сэтгүүлчдэд мэдэгдэв. Улаанбаатар хотыг өндөр технологид чиглэсэн үйлдвэрлэл бүхий бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай, өрсөлдөх чадвартай, монгол үндэсний хэв маягтай, өвөрмөц дүр төрхтэй санхүү бизнес, аялал жуулчлалын төв болгох зорилтыг нийслэлийн удирдлагуудын зүгээс дэвшүүлээд байгаа юм байна.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид уулзалтын үеэр "Монголын хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн 80 гаруй хувь нь нийслэлд байна. Тиймээс сэтгүүлзүйн салбарын хөгжилд нийслэлийн үүрэг асар их. Бид нийслэлийн ажлын саарыг нь шүүмжлэхийн зэрэгцээ сайныг нь дэмжиж сурталчлах ёстой. Нийслэл ч манай салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой” гэж хэллээ.


















