Хот хоорондын автобус ачааны машинтай мөргөлджээ
Тус автобусанд 43 том хүн, гурван хүүхэд зорчиж явжээ
Мэдээллийн алба

Ховд-Улаанбаатар чиглэлд явж байсан 46 зорчигчтой автобус осолдсон байна. Тус автобусанд 43 том хүн, гурван хүүхэд зорчиж явжээ. Тодруулбал, уг автобус Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Бор-Овооны Давст гэдэг газар Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд зорчиж явсан “Хово” загварын ачааны автомашинтай мөргөлдсөнөөр осол гарсан аж.
Түүнчлэн Онцгой байдлын газар ослын тухай дуудлага мэдээллийг энэ сарын 10-ны 01:30 цагийн орчимд авсан бөгөөд Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн зургаа, Эрүүл мэндийн төвийн гурав, цагдаагийн хоёр нийт 11 алба хаагч, 45 км зам туулж, 03:25 цагт осол болсон газарт очжээ.
Ийн зорчигч нарын биед эрүүл мэндийн үзлэг хийж, 13 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Үүнээс гадна Говь-Алтай аймгийн Авто тээврийн үндэсний төвөөс том оврын автобус гаргуулж, зорчигчдыг тээвэрлэсэн аж.


















