Ховд аймагт өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад туслах хандивын аян зарлана
Ховд аймгийн Булган, Алтай, Үенч суманд их хэмжээний цас орж, өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Цасны зузаан тал хээрт 25-35 см, гуу жалга, уулархаг болон хунгарласан газарт 50-70 см байна.
Мэдээллийн алба

Ховд аймгийн Булган, Алтай, Үенч суманд их хэмжээний цас орж, өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Цасны зузаан тал хээрт 25-35 см, гуу жалга, уулархаг болон хунгарласан газарт 50-70 см байна.
Энэ жил Булган сумын малчид 23000 тн, Үенч сумынхан 5500 тн, Алтай сумын малчид 1600 тн байгалийн хадланг тус тус бэлтгэжээ. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Алтай, Булган, Үенч суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч Булган сумын Баянгол багт 39 өрхийн 84 хүн, 29900 толгой мал, Баянсудал багт 17 өрхийн 39 хүн, 13690 толгой мал, Байтаг багт 31 өрхийн 100 хүн, 32249 толгой мал, Алагтолгой багт 9 өрхийн 27 хүн, 11500 мал буюу нийт 96 өрхийн 250 хүн ам, 87,339 толгой мал хүндрэлтэй бүсэд өвөлжиж байна.
Цас их орж, цаг үеийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, шуурхай ажлын хэсэг байгуулан, цас туулах чадвартай авто машиныг баруун гурван суманд ажиллуулжээ.
Ховд аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Д.Галсандондог дээрх гурван сумын малчдын отор нүүдэлд анхаарч, отрын штаб байгуулах, нүүлгэн шилжүүлэх, хандивын аян зарлаж, Ховд аймгийн нийт иргэд, бизнес эрхлэгчид, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Ховд аймгийн гаралтай иргэдийг татан оролцуулж яаралтай арга хэмжээ авахыг мэдэгдэв. Нөхцөл байдал хэтэрхий хүндрэхээс өмнө хүн бүр хувь нэмрээ оруулж, үүссэн бэрхшээлийг даван туулах боломж байгааг энэ үеэр онцоллоо.


















