Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ховд аймгийн Чандмань суманд ингэ ихэрлэлээ

Ингэ ихэрлэх нь нутаг хошуу, хүн зон амар амгалан байж, мал сүрэг өсөн үржихийн билэгдэл хэмээн монголчууд эртнээс нааш билэгдэж ирсэн. Тэгвэл Ховд аймагт сүүлийн жилүүдэд тогтмол ингэ ихэрлэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховд аймгийн Чандмань суманд ингэ ихэрлэлээ
Ховд аймгийн Чандмань суманд ингэ ихэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Ингэ ихэрлэх нь нутаг хошуу, хүн зон амар амгалан байж, мал сүрэг өсөн үржихийн билэгдэл хэмээн монголчууд эртнээс нааш билэгдэж ирсэн. Тэгвэл Ховд аймагт сүүлийн жилүүдэд тогтмол ингэ ихэрлэж байна.

Өмнө нь Ховд аймгийн Манхан, Мянгад, Зэрэг, суманд ингэ ихэрлэж байжээ. Тэгвэл энэ хавар тус аймгийн Чандмань сумын Жаргалант багийн малчин Д.Мягмарын ингэ ихэрлэж малч эзэн, нутаг усныхаа ард иргэдийг баярлууллаа. Тэднийх 5 хошуу малтай. Хонь, ямаа голдуу өсгөн үржүүлдэг, 30 гаруй тэмээтэй. Тэмээн сүргээс нь энэ хавар 6 ингэ ботголохоос хүрэн ингэ нь ихэрлэжээ.

Өвгөд таван хошуу малын нэг тэмээ нь 12 жилийн шинжийг биедээ агуулсан “Гэдгэр ч гэсэн гэрийн гадаа тогтохгүй, бурантаг буйлыг минь өнгө жавхаатай авч явбал буян хишгийг чинь тогтооно” хэмээн хуучилдаг байна. Ингэ ихэрлэх нь нутаг хошуу, хүн зон амар амгалан байж, мал сүрэг өсөн үржихийн билэгдэл хэмээн Монголчууд эртнээс нааш дээдэлж ирсэн. Тиймээс Ховд аймгийн Засаг дарга, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн хамт малчин Д.Мягмарт хүндэтгэл үзүүлж, эртний уламжлалын дагуу ихэр ботго төрүүлсэн ингийг мөнгөн буйлаар буйлласан юм.

Ховд аймгийн Чандмань сум 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 222 мянган толгой мал тоолуулснаас 50 гаруй хувь нь эх мал байна. Мал төллөлт 80 гаруй хувьтай, төлийн эндэгдэлгүй байна. Цаг улирлын байдал тогтуун учраас энэ жил мал ихэрлэх нь элбэг байгаа гэнэ. Тодруулбал, Чандмань сумын Жаргалант багийн малчин Б.Галбадрахын хотонд дөрвөн ихэр ишиг мэндэлж, эсэн мэнд бойжиж байна.

МҮОНРТ-ийн Ховд аймаг дахь сурвалжлагч Г.Энхжахгал

Хуваалцах