Хоёр дахь салхин цахилгаан станц ирэх онд ашиглалтад орно
Шинэ станц барихад шаардлагатай 120 сая ам.долларын хөрөнгө оруулалт шийдэгдсэн бөгөөд Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас гадна "Сайншанд салхин парк" төслийн хувьцааны ихэнх хувийг эзэмшигч "Ферростал индустриал прожект" компани хөрөнгө оруулалт дээр хамтрах ажээ.
Мэдээллийн алба

Манай улс жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хангахын тулд зөвхөн гадаадаас авах биш дотоод дахь нөөц боломжуудыг ашиглаж цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хангах боломжийг эрэлхийлсээр байна. Салбарын мэргэжилтнүүд 2016-2020 онд Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн судалгааг гаргаад байгаа. Мөн өнгөрсөн жил дэлхийн эдийн засгийн форумаас улс орнуудын эрчим хүчний хүчин чадлын чансааг шинээр тодорхойлсон жагсаалтад нийт 105 орон хамрагдсанаас манай улс 100 дугаар байрт бичигдсэн. Дээрх шалтгаануудын улмаас Засгийн газраас хоёр дахь салхин цахилгаан станцыг Дорноговь аймгийн Сайншанд орчимд барьж ирэх оны эцсээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Нийт 120 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий шинэ салхин цахилгаан станц нь 190 сая кВт/ц цахилгааныг төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх аж. Өөрөөр хэлбэл, жилд 100 мянга гаруй өрхийн цахилгааны хэрэглээтэй тэнцэхээр хэмжээний эрчим хүчийг үйлдвэрлэх юм байна. Ингэснээр хоёр сая м3 орчим цэвэр усны зарцуулалт, 50 мянга гаруй тонн орчим нүүрс хэмнэнэ гэсэн тооцоог албаныхан хийжээ. Хоёр дахь салхин станцын үйлдвэрлэх эрчим хүч хойд хөршөөс импортлодог цахилгааны тавь орчим хувьтай тэнцэх аж.
Шинэ станц барихад шаардлагатай 120 сая ам.долларын хөрөнгө оруулалт шийдэгдсэн бөгөөд Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас гадна "Сайншанд салхин парк" төслийн хувьцааны ихэнх хувийг эзэмшигч "Ферростал индустриал прожект" компани хөрөнгө оруулалт дээр хамтрах ажээ.


















