Хоёр Солонгосын ажлын хэсгийнхний уулзалт эхэллээ
БНАСАУ-ын тамирчдыг Өмнөд Солонгосын Пёнчаны 23 дахь удаагийн Олимпын наадамд оролцуулах асуудлаархи ажлын хэсгийнхний уулзалт хэлэлцээ хилийн дагуух Панмунжом сууринд явагдаж байна.
Мэдээллийн алба

БНАСАУ-ын тамирчдыг Өмнөд Солонгосын Пёнчаны 23 дахь удаагийн Олимпын наадамд оролцуулах асуудлаархи ажлын хэсгийнхний уулзалт хэлэлцээ хилийн дагуух Панмунжом сууринд явагдаж байна. Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны орлогч сайд ЧунХэСоны мэдэгдсэнээр тус уулзалтаар Умард Солонгосыг Олимп болон паралимпын наадамд оролцуулахтай холбоотой захиргааны журмын хэрэгжилтийг хангах асуудалд гол анхаарлаа хандуулсан байна. Сүүлийн мэдээгээр Умард Солонгосын тал Олимпын наадмын хөгжөөн дэмжигчээр 230 хүнээ илгээх санал тавьсан байна.
Өчигдөр 2 тал хэлэлцээнд оролцогчдынхоо нэрсийн жагсаалтыг солилцсон. Гурван хүний бүрэлдэхүүнтэй Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг Нэгдлийн яамны орлогч сайд ЧунХэСон тэргүүлж байгаа юм. Умард Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн нь Энх тайванч нэгдлийн хорооны орлогч дарга ЧонЧжонСу юм байна. Мөн Умардын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Спортын орлогч сайд ВонГиль У багтсан гэж мэдээлж байна. Тус уулзалтаар Умард Солонгосын тамирчдын байрлах байр, ложистикийн асуудлыг хэлэлцсэн байна. Мөн хоёр Солонгосын тамирчдыг нэг тугийн дор жагсаан Олимпын наадмын нээлт хаалтад оролцуулах асуудлаар ч санал солилцсон байна.
Мөн олимпын наадамд оролцох Умард Солонгосын баг тамирчдын тоог гаргахаар хэлэлцэж байна. Энэ хооронд Умард Солонгосын төлөөлөгчид Олон улсын олимпын хорооныхонтой хэлэлцээ хийхээр Щвейцарийг зориод байна. Ирэх бямба гаригт Лозанна дахь Олон улсын Олимпын хорооны төв байранд болох уулзалтад Олон улсын болон Өмнөд Солонгос, Умард Солонгосын олимпын хорооныхон, Пёнчаны олимпын наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгчид оролцох юм байна. 2 Солонгосын төлөөлөгчид өнгөрсөн даваа гаригийн уулзалтынхаа үр дүнд 140 хүний бүрэлдэхүүнтэй Умард Солонгосын оркестрийг Өмнөд Солонгосын Сөүл, Каннын хотуудад тоглолт хийлгэхээр тохиролцоонд хүрсэн юм.


















