Хоёр Солонгосын сагсан бөмбөгийн багуудын нөхөрсөг тоглолт Пхеньянд болж байна
Хоёр Солонгосын харилцаа сүүлийн үед эрс сайжрах болсон. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр Солонгосын удирдагчид сүүлийн 10 жилийнхэд анхны болох дээд уулзалтаа хийсэн.
Мэдээллийн алба

Хоёр Солонгосын харилцаа сүүлийн үед эрс сайжрах болсон. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр Солонгосын удирдагчид сүүлийн 10 жилийнхэд анхны болох дээд уулзалтаа хийсэн. Энэ үеэр хоёр улс Панмунжомын тунхаглалыг баталсан юм.
Түүнээс хойш салбар салбарын хамтын ажиллагааны асуудлыг хөндсөн уулзалтууд хоёр Солонгосын хоооронд болж байна. Өчигдөр Пхеньянд болсон хоёр Солонгосын сагсан бөмбөгийн багуудын нөхөрсөг тоглолт ч харилцааны түвшин нь сайжирч байгааг гэрчилж байгаа юм.
Өчигдөр сагсан бөмбөгийн нөхөрсөг хоёр тоглолт Умард Солонгосын нийслэлд болсон. Умард Солонгосын удирдагч сагсан бөмбөгт сонирхолтой. Гэхдээ өчигдрийн тоглолтыг очиж үзээгүй байна. Өнөөдөр мөн хоёр тоглолт болох ч Умардын удирдагч бас үзэж амжихгүй бололтой байна.
Хоёр улсын сагсан бөмбөгчдийн нөхөрсөг энэ тоглолт нь сүүлийн 15 жилийн хугацаанд бол анхных юм. Өмнөд Солонгос энэ арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч Нэгдлийн сайдаар ахлуулсан 100 гаруй төлөөлөгчөө Пхеньян руу илгээсэн байна.
Дашрамд өгүүлэхэд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Умард Солонгос дахь айлчлал өнөөдрөөс эхлэх гэж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ айлчлалынхаа хүрээнд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох Сингапур дахь АНУ, Умард Солонгосын дээд уулзалтын тохиролцоог ажил хэрэг болгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.


















