Хүчирхийлэл нэмэгдэж байгаа нь хуулийн оновчгүй зохицуулалтаас хамааралтай гэв
Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн шинэтгэх шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Үүний дараа хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хийсэн юм. 2004 онд УИХ-аас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” бие даасан хуулийг баталснаар гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн зөрчилд тооцон хүчирхийлэл үйлдэгчид зохих хариуцлага хүлээлгэх болсон. Тус хууль батлагдсантай холбогдуулан 2007 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим заавар, журмуудыг ХЗЯ, ЭМЯ, НХХЯ-аас батлан хэрэгжүүлж байжээ. Мөн Засгийн газраас хохирогчдыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг мэргэшсэн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн зэрэг бодлогын болон үйл ажиллагааны хүрээнд нааштай алхмууд хийгдэж байгаа талаар төсөлд тусгажээ.
Гэвч хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болж байгааг хэлэлцүүлгийн үеэр оролцогчид онцлов. Үүний гол шалтгааныг хуулийн зохицуулалт оновчгүй, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг орхигдуулсантай холбоотойг хууль хэрэгжүүлэгч мэргэжилтнүүд, энэ чиглэлээр ажилладаг байгууллага, судлаачид анхааруулсаар байгааг албаны хүмүүс дурдав.


















