Хүчирхийлүүлсэн норвеги эмэгтэйг шүүх буруутгажээ
Аравийн чинээлэг хотуудын нэг болох Дубайд бизнесийн шугмаар очсон 24 настай норвеги эмэгтэй Марте Дебора Далелв нь хүчирхийлүүлснийхээ төлөө 16 сарын ял сонсчээ.
Мэдээллийн алба

Аравийн чинээлэг хотуудын нэг болох Дубайд бизнесийн шугмаар очсон 24 настай норвеги эмэгтэй Марте Дебора Далелв нь хүчирхийлүүлснийхээ төлөө 16 сарын ял сонсчээ. Тэрээр хүчирхийлэлд өртсөнөө цагдаад мэдэгдэн тусламж авахыг хүссэн ч эсрэгээр нь гэрлэлтээс гадуур бэлгийн харилцаанд орсон, согтууруулах ундаа хэрэглэсэн, хуурамч мэдүүлэг өгсөн хэргээр ял эдлэхэд хүрээд байна. Далелв өнгөрсөн гуравдугаар сарын 6-нд Дубайд очоод байхдаа хамтран ажиллагсадтайгаа гадуур гарсан бөгөөд тухайн үедээ хүчирхийлэлд өртжээ. Энэ тухайгаа цагдаад мэдэгдэхэд цагдаа нар паспорт, мөнгийг нь хурааж авсан байна. Ингээд дөрвөн хоногийн дараа гурван зүйл ангиар буруутгаж ял төлөвлөсөн байна. Бүсгүй хатуу шашны хуультай Дубайн өмнө хүчгүйдэж болзошгүй хэмээн үзсэний үндсэн дээр удаан бодсоны эцэст хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандахаар шийджээ. Тэрээр одоо Дубайд Норвегийн дипломат албаны хамгаалалтад байгаа аж. энэ явдлаас үүдэн барууны өндөр хөгжилтэй орнуудын зүгээс шашны хатуу үзэлд хэт автан, эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэсэн хэмээн Дубайг шүүмжилж байгаа аж... Одоогоор Марте Дебора Далелв давж заалдаад байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх хурал ирэх есдүгээр сарын эхээр болох юм байна.



















