Худалдаа хөгжлийн банкны тухайн салбарт харуул хамгаалалт байгаагүй
Сонгино хайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах Худалдаа хөгжлийн банкны салбар тооцооны төвд буутай хоёр хүн халдаж, 380 сая төгрөг дээрэмдсэн хэрэг өчигдөр гарсан.
Мэдээллийн алба

Сонгино хайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах Худалдаа хөгжлийн банкны салыар тооцооны төвд буутай хоёр хүн халдаж, 380 сая төгрөг дээрэмдсэн хэрэг өчигдөр гарсан. Хэргийн дуудлагаар цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж, сэжигтнүүдийг 24 цагийн дотор баривчилсан юм.
Хэргийг тодорхой эрхэлсэн ажилгүй төрсөн ах дүү хоёр үйлдсэн байна. Эд мөрийн баримт болгож, 380 сая төгрөгийг хураан авч, мөрдөн байцаалтын ажил эхэлжээ.
Худалдаа хөгжлийн банкны “Таван шар” тооцооны төв нь амралтын өдрүүдэд ажилладаг. Гэмт этгээдүүд банкны ажилтныг ажил руугаа орох үед араас нь дагаж улмаар буу тулган дээрэм хийжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар буутай этгээдүүд банкны ажилтнаас мөнгө нэхэж, тааз руу хий буудсан байна. Энэ үед айж, сандарсан банкны ажилтан хариу үйлдэл үзүүлэлгүйгээр мөнгөө гаргаж өгчээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Х.Баатархүү мэдээллээ.
Энэ үйл явдлыг эцсийн дүндээ банкны өөрийн хариуцлагагүй байдалтай холбож, тайлбарлах тал байгаа юм. Мөнгөн хөрөнгө хамгийн ихээр төвлөрдөг энэ мэт газрууд 24 цагийн харуул хамгаалалтын өндөр түвшинд байх ёстой. Гэвч дуут дохиолол байтугай, хамгаалалтын ажилтан нь ч дээрмийн үед байгаагүй гэдгийг хэрэг дээр ажиллаж байгаа цагдааагийнхан мэдэгдэж байна


















