Худалдаанаас “Solgar ABC Dophilus®Powder” бүтээгдэхүүнийг буцаан татжээ
Энэ нэмэлт бүтээгдэхүүнээс эмгэг төрүүлэгч мөөгөнцөр илэрсэн гэнэ. Энэ нь хүний арьс, дотор эрхтнийг гэмтээж улмаар үхэлд хүргэх аюултай аж.
Мэдээллийн алба

Сүүлийн үед залуус биеийн жин нэмэх зорилгоор хүнсний нэмэлт тэжээл буюу химийн аргаар баяжуулсан уураг ихээр хэрэглэх болсон. Монгол Улсад зарагдаж буй уургийн бэлдмэл импортынх байдаг. Тэгвэл АНУ-д зах зээлээс "Solgar ABC Dophilus®Powder" хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг буцаан татаж эхэлжээ. Тус улсад насанд хүрэгчид болон хүүхэд, тэр дундаа дутуу төрсөн нярайд зориулсан пробиотик нэмэлт бүтээгдэхүүнийг зах зээлээс буцаан татаж эхэлсэн байна. Энэ нэмэлт бүтээгдэхүүнээс эмгэг төрүүлэгч мөөгөнцөр илэрсэн гэнэ. Энэ нь хүний арьс, дотор эрхтнийг гэмтээж улмаар үхэлд хүргэх аюултай аж. Нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүн хордлого авч нас барсан тохиолдол өнгөрсөн сард АНУ-д гарчээ. Энэхүү нэмэлт бүтээгдэхүүн АНУ-ын нийт нутаг дэвсгэр, Их Британи, Израил Улсын зах зээл болон цахим ертөнцөөр нэлээд хэмжээгээр борлуулагдаж байжээ. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Хүнсний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хяналтын Холбооны алба мэдээлэл хийж уг бүтээгдэхүүнийг цахим ертөнцөөр дамжуулан худалдан авч хэрэглэхгүй байхыг иргэддээ анхаарууллаа. “Solgar ABC Dophilus® Powder” нэмэлт нь ОХУ-ын холбогдох байгууллагын бүртгэлд албан ёсоор бүртгэгдээгүй, худалдан борлуулах эрх аваагүй аж. Олон улсад хориглоод байгаа уг бүтээгдэхүүнийг авч хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дараах мэдээллийг цахим хуудсандаа нийтлэсэн байна.


















