Худалдан авах ажиллагааны байгууллагууд цахим тайлангийн систем ашиглахаар боллоо
Худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа оролцогч компаниас төрийн байгууллагаас хамааралтай 10 орчим төрлийн лавлагаа мэдээлэл ирүүлэхийг шаарддаг байсан.
Мэдээллийн алба

Худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа оролцогч компаниас төрийн байгууллагаас хамааралтай 10 орчим төрлийн лавлагаа мэдээлэл ирүүлэхийг шаарддаг байсан. Гэвч энэ нь харилцагч төрийн байгууллагад ачаалал үүсгэх, мэдээллийн зөрүүтэй байдал бий болгох зэрэг сул талтай байгаа юм. Тиймээс энэ сарын 11-ний өдрөөс эхлэн худалдан авах ажиллагааны байгууллагууд цахим тайлангийн системд шилжсэн байна. Ингэснээр аж ахуйн нэгжүүд татварын цахим тайлангийн системээс өөрийн компанийн тодорхойлолтыг аван тендерт ирүүлэх шаардлагатай болж байгаа аж. Тодруулбал, уг тодорхойлолтод байх 36 оронтой нууцлалын дугаарыг ашиглан татварын тодорхойлолтын үнэн зөв эсэхийг шалгаж, тендерийн үнэлгээнд харгалзан үзэх юм.
Татварын тодорхойлолтыг уг системээс гарган ирүүлээгүй тохиолдолд Монгол Улсын эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлсөн эсэх болон санхүүгийн чадавхийг тодорхойлох, нотлох боломжгүй тул тухайн аж ахуйн нэгжийн ирүүлсэн тендерээс татгалзах гэнэ. Иймд аж ахуйн нэгж, байгууллагууд www.tax.mta.mn вэб сайтад өөрийн байгууллагын татварын тайлан шивдэг тусгай эрхээрээ нэвтрэн орж, нүүр хэсгийн “тодорхойлолт” гэсэн цэстэй танилцахыг Худалдан авах ажиллагааны газраас зөвлөж байна.


















