Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 288 малчин өрх хамрагджээ
Дорнод аймагт 2009 оноос эхлэн хэрэгжсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт нийт 288 өрх хамрагджээ.
Мэдээллийн алба

Дорнод аймагт 2009 оноос эхлэн хэрэгжсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт нийт 288 өрх хамрагджээ. 2016 онд Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2015 оны 09 тоот тогтоол, тус аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн 2016 оны 01 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөр хөдөлмөр эрхлэхэд туслах ур чадвартай малчин бэлтгэх чиглэлээр 18-35 насны залуу гэр бүлийг хамруулсан байна.
Хөдөлмөрийн чавдартай хоёр гишүүнтэй, богд шилжүүлснээр 150 хүртэлх толгой малтай, өөрийн гэсэн хашаа саравч, худаг устай, өвөлжөө, хаваржааны газартай хөгжих боломжтой өрхийг сумын амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар дэмжигдсэн өрхөд олгодог. 2016 онд 14 сумын 67 өрхөд хонь 3551, ямаа 1039, үхэр 75, адуу 4, тэмээ нэг нийт 4547 буюу богд шилжүүлснээр 4911 толгой мал худалдан авч хөтөлбөрт хамрагдсан залуу малчдад олгожээ.
Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй байгуулсан гэрээний дагуу Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан, 14 сумын малчин залууст Аж ахуй эрхлэлтийн "Бизнесээ хөгжүүл" сургалтыг зохион байгуулсан байна. Сургалтаар Малчин-фермер, Бизнесийн үзэл баримтлал, МАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, Мөнгөн эргэлтийн төлөвлөгөө чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газрын холбогдох мэргэжилтнүүдийн баг хамтран сургалтыг явуулж суралцагч бүр мал ахуйн үйлдвэрлэлтэйгээ уялдуулан төлөвлөгөө гаргаж ажиллажээ.
Залуу малчдад өмнөө тодорхой зорилго тавин, түүндээ хүрэхийн төлөө ажиллах, тохиолдож болох эрсдлийг тооцох, эрсдлээс хамгаалах, малаас гарах түүхий эд, ашиг шимийг хүртэхийн тулд малаа өсгөх, сүү саалиа арвижуулах, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулж өрхийн орлогоо хэрхэн нэмэгдүүлэх талаар шаардлагатай мэдээллээр хангасан байна.
Б.Отгонбавуу


















