Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар танилцуулсан юм.

Тус байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Мөн хуулийн төсөлд найруулга, үг хэллэг, дэс дарааллын шинжтэй зарим засвар оруулсан бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар тогтоох нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан О.Баасанхүү гишүүн төсөлд тусгасан хувиараа хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон асуудлыг хэрхэн ойлгохыг тодорхой болгосон эсэхийг тодруулахад Байнгын хорооны дарга Д.Батцогт төслийн анхны хэлэлцүүлгийн үед хөндөгдсөн асуудлуудыг л эцсийн хэлэлцүүлгийн явцад ярьсан, бусад асуудал нь төслийн хувилбараар хэвээрээ байгаа гэдгийг хэлэв.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул байнгын хорооны саналаар хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.2 хувь нь дэмжсэнээр хууль батлагдлаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Хуваалцах