Хөдөлмөрийн баатар Б.Рагчаад хүндэтгэл үзүүллээ
Хөдөлмөрийн баатар Б.Рагчаа Монгол Улсын баруун, зүүн, хойд, урд захын цэг Хүйтэн уул болон зарим томоохон уул болох Мөнххайрхан уул, Хүйтний оргил, Малчин уул, Түргэн уул, Хархираа, Сута уул, Цаст уул, Цамбагарав зэрэг есөн уулын өндрийг геодезийн аргаар тодорхойлсон
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн гавьяат барилгачин, уулын спортын мастер Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат Баатарын Рагчааг тус аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу болон агентлагийн удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Хөдөлмөрийн баатар Б.Рагчаа улсад 51 жил ажиллахдаа геодези, зураг зүй, газар зохион байгуулалтын салбарын хөгжил болон Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахаар 8252 км бүхий улсын хилийг тогтоох, монгол орны нутаг дэвсгэрийг зурагжуулах, анхны үндэсний атласыг зохиож, хэвлүүлэх ажлыг гардан зохион байгуулж ажилласан.
Тэрбээр 1951 онд ажлын гараагаа Ингэттолгойн сангийн аж ахуй буюу одоогийн Булган аймгийн Сэлэнгэ сум, Борнуурын сангийн аж ахуйн ногооны талбайн, Батсүмбэрийн сангийн аж ахуйн нутаг Сөгнөгөр, Үлдэгийн амны 1:1000-1:5000-ны масштабтай байр зүйн зураг зохиох ажлаар эхэлж байгаад Москва хотын Газар зохион байгуулалтын дээд сургуулийг 1959 онд төгсөж ирээд Монгол орныг зурагжуулах, геодези, зураг зүйн салбарыг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Хөдөлмөрийн баатар Б.Рагчаа Монгол Улсын баруун, зүүн, хойд, урд захын цэг Хүйтэн уул болон зарим томоохон уул болох Мөнххайрхан уул, Хүйтний оргил, Малчин уул, Түргэн уул, Хархираа, Сута уул, Цаст уул, Цамбагарав зэрэг есөн уулын өндрийг геодезийн аргаар тодорхойлсон.
Үүнээс гадна Б.Рагчаа 1982 онд “Уулын спортын мастер” болжээ.


















