Хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг хуурамчаар үйлджээ
Хяналт шалгалтаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолтгүй, баримтыг бүрэн бүрдүүлж гарын үсэг зуруулаагүй, хувийн хэрэгт тухайн иргэний нэр, гэрийн хаягийг бүрэн бичээгү
Мэдээллийн алба

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн 9 дүүргийн нийгмийн халамжийн сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, тэтгэвэр тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн тогтоолт, олголт, халамжийн үйлчилгээнд өрх, иргэдийг хамруулсан байдал, түүний чанар, үр дүнд үнэлгээ өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх шалгалт хийгдлээ. Хяналт шалгалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтстийн болон дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчид хийж гүйцэтгэсэн.
Хяналт шалгалтаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолтгүй, баримтыг бүрэн бүрдүүлж гарын үсэг зуруулаагүй, хувийн хэрэгт тухайн иргэний нэр, гэрийн хаягийг бүрэн бичээгүй дутагдал илэрсэн байна.
Мөн хувийн хэрэг нь үдэгдээгүй, эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссын актын сунгалт хийгдээгүй, комиссын гишүүд нь эзгүй байсан гишүүний гарын үсгийг орлон зурдаг, комиссын шийдвэрийн акт тамгагүй, нэг хүний гарын үсэгтэй, тэтгэвэр, тэтгэмж авагч иргэний гаргасан өргөдөлд бичигдсэн өвчний онош комиссын шийдвэрт бичигдсэн онош хоёр зөрүүтэй, хувийн хэрэгт хавсрагдсан комиссийн акт магадлагч эмчийн мэдээллийн санд байхгүй, эмчийн дүгнэлтээр оношийн заалт хүндрэлгүй, өвчин нь хүндрэлгүй, өөрөө өөртөө үйлчлэх чадвартай иргэдийг нөхцөлт мөнгөн тэтгэмжинд хамруулсан, амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөл нь зорилтот бүлгийн иргэд, өрхийн судалгааг үнэн зөв, үндэслэлтэй хийж, холбогдох байгууллагуудаас мэдээлэл аваагүй, дотоод хяналт шалгалтыг бүрэн зохион байгуулаагүй, дотоод хяналтын тайлангаа мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлдэггүй нь нийтлэг байна.
Түүнчлээн тэтгэмж, тусламж авах эрх үүсээгүй иргэд амьдралын хүнд нөхцөл байдлын улмаас хороо болон холбогдох байгуулагад өргөдөл, хүсэлт уламжилсаны дагуу амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрээр тэтгэмж, тусламжид хамруулсан гэх мэт зөрчил дутагдал нийтлэг илэрч тухай бүр нь зөрчлийг арилгуулахаар мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч ажилласан байгаа.
Мөн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг хуурамчаар үйлдэж хуурамч хувийн хэрэг материал бүрдүүлсэн, нийгмийн даатгалын сан болон халамжийн сангаас давхар тэтгэвэр, тэтгэмж тогтоолгож авсан, нийгмийн халамжийн сангийн хөрөнгийг хууль тогтоомжид заасан зориулалтын дагуу зарцуулаагүй зэрэг ноцтой зөрчил дутагдал илэрсэн.
Илэрсэн зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй, эрсдлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг хэрхэн арилгах талаар мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөөг тухай бүр өгч ажилласан бөгөөд хяналт шалгалтаар нийт 85,005.5 мянган төгрөгийн төлбөр, зөрчил илэрч 106 заалт бүхий улсын байцаагчийн 33 актаар 79,948,0 мянган төгрөгийг нийгмийн халамжийн санд, 14 заалт бүхий 3 актаар 1917,9 мянган төгрөгийн улсын төсөвт нөхөн төлүүлж, зөрчил гаргасан зургаан төрийн бус байгууллагад 2848,0 мянган төгрөгийн, 5 албан тушаалтанд 372,0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах тухай 32 заалт бүхий улсын байцаагчийн 7 хугацаатай албан шаардлага хүргүүлж ажиллалаа.


















