"Хөдөө аж ахуйн зохистой дадал" нэвтрүүлснийг гэрчлэх тэмдэг бүтээх уралдаан зарлалаа
Дэлхийн улс орнууд ялангуяа хөдөө аж ахуйн үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудад газар тариалангийн үйлдвэрлэл, түүн дотор жимс, хүнсний ногооны анхан шатны үйлдвэрлэлд
Мэдээллийн алба

Дэлхийн улс орнууд ялангуяа хөдөө аж ахуйн үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудад газар тариалангийн үйлдвэрлэл, түүн дотор жимс, хүнсний ногооны анхан шатны үйлдвэрлэлд “Хөдөө аж ахуйн зохистой дадал” нэвтрүүлэх замаар ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангуулж байна.
Хөдөө аж ахуйн зохистой дадал нь хүнсний аюулгүй байдлыг хангах дадал, байгаль орчныг хамгаалах дадал, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн халамжийг сайжруулах дадал, бүтээгдэхүүний чанарыг эрхэмлэх дадал, нийтлэг дадал гэсэн 5 үндсэн хэсгээс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, тариалалтаас өмнөх, тариалалтын үе, ургамал ургалтын үе, ургац хураалт, хадгалалт, савлалт, тээвэрлэлт зэрэг хүнсний анхан шатны үйлдвэрлэлийн үе шат бүрт технологи, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн дэглэм, ажиллагсад болон ажлын байранд тавигддаг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаж ажиллах дадлыг бий болгох юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2018 онд 21 аймаг, нийслэлийн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж буй талбайн 30 хувь буюу 8273 га, хүлэмжийн 30 хувь буюу 23 га талбайг хамруулан тандан судлах хяналт, шалгалт хийжээ. Уг хяналт, шалгалтад хамруулсан талбайн 38,7 хувь буюу 3700 га талбайд хөнөөлт организм-ургамлын өвчин, хортон шавж, хог ургамал тархсан, энэ тухай тариалан эрхлэгчид мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээлээгүй зөрчил илэрчээ.
Уг хяналт шалгалтад хамрагдсан, нийтийн хэрэгцээнд хүнсний ногоо, жимс жимсгэнэ нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн 71 хувь нь талбайн түүхийн дэвтэргүй, талбайн түүхийн дэвтрийг үнэн зөв бөглөдөггүй дутагдал гарсан байна. Нөгөө талаас дийлэнх тариаланчид ургамал хамгааллын цогц аргыг хэрэглэдэггүй, энэ талаар мэдлэг мэдээлэл, дадал дутмаг, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг мөрдөж ажилладаггүй, тэдгээрийн гарал үүслийн талаар бүртгэл хөтөлдөггүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажилладаггүй зэрэг нь эрүүл, аюулгүй хүнсний ногоо үйлдвэрлэдэг эсэхэд эргэлзэх байдал үүсгэж байгаа юм.
Энэ ч үүднээс хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэл, тэр дундаа газар тариалангийн салбарт хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, зохистой дадлыг нэвтрүүлэх нь нэн тэргүүний зорилт болж байна. Үүнд чиглэсэн УИХ, Засгийн газраас баталсан хууль тогтоомж, стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх, тариаланчдыг зохистой дадал нэвтрүүлэх, баталгаажуулах тогтолцоог бүрдүүлэхээр салбарын төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа төслүүд хамтран идэвх санаачилгатай ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан “хөдөө аж ахуйн зохистой дадал” нэвтрүүлснийг гэрчлэх тэмдэг /“Mon GAP”/-ийн загварын уралдаан зарлаж байна. Уралдааны удирдамжийг ЭНД дарж уншина уу.
Эх сурвалж: ХХААХҮЯ


















