Хөдөө орон нутагт согтууруулах ундаагүй клуб байгуулна
Монголын эрүүл идэвхтэй амьдрал төрийн бус байгууллагынхан архи, согтууруулах ундаагаар үйлчилддэггүй диско клубыг орон нутагт байгуулна.
Мэдээллийн алба

Монголын эрүүл идэвхтэй амьдрал төрийн бус байгууллагынхан архи, согтууруулах ундаагаар үйлчилддэггүй диско клубыг орон нутагт байгуулна. Ингэхдээ эхний ээлжинд Дархан-Уул, Дорнод, Булган, Төв, Сэлэнгэ гэсэн таван аймагт ийм клуб бий болгох гэнэ. Монголын эрүүл идэвхтэй амьдрал төрийн бус байгууллага өмнө нь Улаанбаатар хотод архи, согтууруулах ундаагаар үйлчилдэггүй “Залуус 21” диско клубыг байгуулж байсан. Төрөөс 200 сая төгрөгний дэмжлэг авч байгуулагдсан тус клуб нэг жил хүрэхгүй хугацаанд ажиллаад хаагдсан юм. Учир нь түрээсийн байранд сардаа 10 сая төгрөг төлдөг. Ашиглалтын зардал гэж мөн л сар тутам 15 сая төгрөг зарлагаддаг байжээ. Иймээс үйл ажиллагаагаа зогсоосон байна. Гэхдээ цаашдаа орон нутагт өөрийн гэсэн байртай болчихвол архи, согтууруулах ундаагаар үйлчилдэггүй залуучуудад зориулсан цэнгээний газар ажиллуулахад ашигтай гэж Монголын эрүүл идэвхтэй амьдрал төрийн бус байгууллагын тэргүүн Д.Пүрэвсүрэн хэлсэн юм. Дээрхи аймгуудын удирдлагад хандаж, газар эзэмших зөвшөөрөл авахаар төлөвлөсөн аж.
Энэ тухай Монголын эрүүл идэвхтэй амьдрал клуб төрийн бус байгууллагын тэргүүн Д.Пүрэвсүрэн ийнхүү ярилаа.


















