Хугацаа хэтэрсэн зээлэнд их хэмжээний алданги тооцдог байжээ
ШӨХТГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй ломбардад хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн байна.
Мэдээллийн алба

ШӨХТГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй ломбардад хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:
а/ Барьцаалан зээлдүүлэх ихэнх газрууд нь 7-30 хоногийн хугацаанд 3,5-10 хувийн хүүтэй зээлийг олгож зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5-иас дээш хувиар алданги, торгууль тооцож байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байх ба анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасныг зөрчсөн,
б/ Барьцаалан зээлдүүлэх газрууд нь зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд барьцааны эд зүйлийг худалдан борлуулахдаа Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заасныг зөрчиж хэрэглэгчдийг хохироодог байна.
Дээрх зөрчлүүд нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д “Бараа ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэж, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж заасныг тус тус зөрчсөн.
Хяналт шалгалтад хамрагдаж зөрчил гаргасан аж ахуй эрхлэгч нарт болон тус зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчдэд Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна.


















