Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хугацаат цэргийн байлдагч нас барсан хэргийн шүүх хурал боллоо

дүрмийн бус шийтгэл оногдуулсны улмаас байлдагч Б.А-ын амийг болгоомжгүй хохироосон гэж үзэв

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хугацаат цэргийн байлдагч нас барсан хэргийн шүүх хурал боллоо
Хугацаат цэргийн байлдагч нас барсан хэргийн шүүх хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар цэргийн ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч А зуурдаар нас барсан хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд гарсан. Уг хэргийн буруутай этгээдүүдэд холбогдох шүүх хурал өчигдөр 12:00 цагт Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Тус шүүх хуралд хохирогчоор талийгаачийн ах Б.Э, холбогдогчоор А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нар оролцсон юм.

Шүүхээс А.Энхбаярт эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван жил, Р.Вандлхангаад эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван жил, П.Бадамсамбууд мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын ял оноожээ.

Хэргийг эргэн сануулахад, Орхон аймгаас цэргийн албанд татагдсан байлдагч А маршаар гүйж байхдаа ухаан алдаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байдаг. Тухайн үед шүүгдэгч Р.Вандлхангаа Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын бателоны танкийн ротын I дүгээр салааны механик, жолоочоор, А.Энхбаяр Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын бателоны танкийн ротын захирагчаар, П.Бадамсамбуу Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын бателоны миномётын бателоны салаан захирагчаар ажиллаж байсан юм.

Шүүхээс шүүгдэгч Р.Вандлхангаа, А.Энхбаяр нар нь хугацаат цэргийн алба хааж байсан захирагдагч, байлдагч Б.Алтантулгатай цэргийн дүрмийн бус байдлаар харьцан, гар утас хэрэглэсэн гэх шалтгаанаар хөнжил, пүүгээ үүрүүлэн гүйлгэж, галуун цуваагаар алхуулсан, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, хугацаат цэргийн алба хаагч нарт гүйлгэх дүрмийн бус шийтгэл оногдуулсны улмаас байлдагч Б.А-ын амийг болгоомжгүй хохироосон. Шүүгдэгч П.Бадамсамбууг захирагдагч байлдагч Б.Алтантулгатай дүрмийн бус харьцан, зодож, хүч хэрэглэсэн гэж үзжээ.

Хуваалцах