Хөгжиж байгаа 77 улсын бүлгийг 2019 онд Палестины автономи даргалахаар боллоо
НҮБ-ын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг хөгжиж байгаа 77 улсын бүлгийг 2019 онд Палестины автономи даргалахаар боллоо.
Мэдээллийн алба

НҮБ-ын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг хөгжиж байгаа 77 улсын бүлгийг 2019 онд Палестины автономи даргалахаар боллоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцогчид ийм шийдвэр баталсан байна. Уг шийдвэрийг 146 улс дэмжжээ.
Харин АНУ, Израиль, Австрали улсууд эсрэг санал хураалгаж, 15 орон түдгэлзсэн бол 29 улс санал хураалтад оролцоогүй байна. Ерөнхий Ассамблейд суугаа АНУ-ын Элчин төлөөлөгчийн орлогч Жонатан Коэн мэдэгдэхдээ "Палестинчууд Израильтай шууд яриа хэлэлцээ хийхээс гадуур статусаа бэхжүүлэх аливаа хүчин чармайлт хэрэгжүүлэхийг бид дэмжих аргагүй. АНУ Палестины улсын оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй” гэжээ.
2012 онд Палестины автономи НҮБ дахь ажиглагч орны статустай болсон. Тус автономийн тусгаар тогтнолыг НҮБ-ын гишүүн 137 улс хүлээн зөвшөөрсөн байдаг. Дээрх шийдвэрийн ачаар Палестины төлөөлөгчид 77-гийн бүлгийн нэрийн өмнөөс ажиллаж, мэдэгдэл хийж, саналд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй болох юм.
Палестинчууд Иордан голын баруун эрэг, Газын зурвас, Зүүн Иерусалимд өөрийн улсыг байгуулахыг зорьдог. Харин Израиль, АНУ үүнийг эсэргүүцдэг. Америкийн тал Иерусалимыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрч, Элчин сайдын яамаа Тель-Авиваас тийш нүүлгэсний улмаас Вашингтон Палестины автономийн хоорондын харилцаа хурцадсан юм.


















