Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс төрийн үйлчилгээ хол байна
Сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй иргэд эмнэлэг, цагдаагаас наад захын тусламж авах гэтэл ойлголцохгүй байх бэрхшээл тулгардаг байна.
Мэдээллийн алба

Сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй иргэд эмнэлэг, цагдаагаас наад захын тусламж авах гэтэл ойлголцохгүй байх бэрхшээл тулгардаг байна. Тэдэнтэй албан хаагчид бүрэн ойлголцож чаддаггүйгээс харилцааны хүндрэл гарч, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох магадлалтай гэнэ. Иймд Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас сонсголын бэрхшээлтэй иргэд цагдаагийн газар, онцгой байдлын албанд яаралтай түргэн тусламж хүсч мэдээлэл өгөх, мэдээлэл авах мессеж үйлчилгээг шинээр нээхээр ажиллаж байна.
Мөн Сонсголын бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд дохионы хэлийг сурах зайлшгүй шаардлагатай учраас Нийслэлийн цагдаагийн газар холбогдох байгууллагатай хамтран дуудлагаар очиж буй цагдаа нарыг бэлтгэх, дохионы хэлний сургагч багшийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг энэ долоо хоногт эхлүүлжээ. Сургалт сарын турш үргэлжлэх юм.


















