Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд 3 тэрбум төгрөг зарцуулна

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 99.5 мянган хүн бий. Нийт хүн амын 3.3 хувийг эзэлдэг эдгээр иргэдийн ажиллаж хөдөлмөрлөх эрхийг хангахад Засгийн газраас анхаардаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд 3 тэрбум төгрөг зарцуулна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд 3 тэрбум төгрөг зарцуулна. Зураг: МҮОНРТ

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 99.5 мянган хүн бий. Нийт хүн амын 3.3 хувийг эзэлдэг эдгээр иргэдийн ажиллаж хөдөлмөрлөх эрхийг хангахад Засгийн газраас анхаардаг. Тодруулбал, Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдлийг бууруулах замаар ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах бодлого барьж ажилладаг. Энэ хүрээнд хэд хэдэн хөтөлбөр төслийг хэрэгжүүлдгийн нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм.

Энэ хөтөлбөрийн дагуу хүнсний худалдаа үйлчилгээ болон гутал засварын үйл ажиллагаа явуулж буй иргэдийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байраар хангах зорилготой “Бид дэмжье, та чадна” төслийг өнгөрсөн амралтын өдөр нээжээ. Төслийн хүрээнд эхний ээлжинд нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байрны зориулалтаар ашиглах 20 ширхэг мухлагийг үнэ төлбөргүй олгохоор болсныг эздэд нь хүлээлгэж өглөө.

Нэг бүр нь таван сая төгрөгийн үнэ бүхий 20 мухлагийг байрлуулах газрын зөвшөөрлийг шийдүүлэх үүргийг тухайн дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс хариуцах аж. Хүнсний худалдаа эрхлэх, гутал засвар ажиллуулах иргэдэд ажлын байрны зориулалтаар өгч буй эдгээр мухлагийг “Чингисийн төгөл” ХХК-д захиалан хийлгэсэн бөгөөд нэгд нь гурван хүн ажиллах боломжтой. Гутал засварын газар ажиллуулах мухлаг нь өвлийн дулаалгатай, дотроо цахилгааны холболтыг нь хийгээд өгчихсөн учраас жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой аж.

Хүнсний худалдааны зориулалтаар ашиглах мухлагийг зөөвөрлөж тээвэрлэх боломжтойгоос гадна хийгээр шарах, халаах, грилдэх зэрэг халуун боловсруулалт хийх боломжтой, тавиур лангуу зэргийг зэвэрдэггүй, эрүүл ахуйн шаардлага хангасан материалаар хийсэн юм байна.

Нэмж мэдээлэхэд, Хөдөлмөрийн яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулж 2013 онд 1.3 тэрбум төгрөг зарцуулж 1180 иргэн байнгын болон тусгайлсан ажлын байртай болсон бол 2014 онд 2014 иргэнийг хамруулж 1.7 тэрбум төгрөг зарцуулснаар 1576 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байртай болжээ. Мөн 2015 онд 2.7 тэрбум төгрөг гаргаж, 3540 иргэн ажлын байртай болсныг энэ онд нэмэгдүүлж зарцуулах хөрөнгийн хэмжээг 3.0 тэрбум төгрөг болгон төсөвлөжээ.

Эх сурвалж: Хөдөлмөрийн яам

Хуваалцах