Хөлдөөсөн интоор шим тэжээлээ алддаггүй
Интоор бол хамгийн бага илчлэгтэй, хамгийн өндөр тэжээлтэй жимс.
Мэдээллийн алба

Интоор хүний биеийн эд, эсийг анагаах увидасаараа дээгүүрт ордог. Интоор бол хамгийн бага илчлэгтэй, хамгийн өндөр тэжээлтэй жимс. Түүнээс гадна үрэвсэл, хавдартай тэмцдэг сайн чанартай. Лабораторийн судалгаагаар интоорт агуулагддаг квефетин болон эллаговын хүчил нь тархины болон бусад хортой хавдрын эсийг эрүүл эсэд нөлөөлөхгүйгээр үхүүлдэг нь тогтоогдсон байна. Нян бактерийн эсрэг үйлчилгээ ч интоорт бий. Интоорт агуулагддаг антоциан нь цусан дахь шээсний хүчлийг бууруулж бөөрний чулуужилт буюу тулай өвчнөөс сэргийлдэг ажээ.
Үүнээс гадна антоциан бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг байна. Тэр ч бүү хэл, шинэхэн интоор өвчин намдаах үйлчилгээ өндөртэй байдаг гэнэ. Тогтмол тунгаар байнга хэрэглэвэл цус харвах, зүрхний шигдээс өвчнөөс сэргийлэх тустай.
Хятадын уламжлалт анагаах ухаанд нөхөн сэргээх, тулай, үе мөчний өвчин, хэрэх өвчин, цус багадалт зэрэг өвчний үед хэрэглэдэг байна. Жилийн турш хэрэглэх интоороо авч хөлдөөн нөөцөлж болох юм. Учир нь хөлдөөсөн интоор өөрийн шим тэжээлээ огтхон ч алддаггүй байна.


















