Хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлжээ
Сургалтын төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэд ахлагч Х.Барьмид албаны “Маки” дуудлагатай нохойн хамт хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлжээ.
Мэдээллийн алба

Сургалтын төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэд ахлагч Х.Барьмид албаны “Маки” дуудлагатай нохойн хамт хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Sunrise” хотхонд оршин суугч иргэн М-ийн гэрээс 45 сая төгрөгийн үнэ бүхий алтан нуухтай, шүрэн толгойтой, дунд гарын цагаан хаш хөөрөг хулгайд алдсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Тухайн үед Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан нохойн төлөөлөгч, цагдаагийн дэд ахлагч Х.Барьмид албаны “Маки” нохойн хамт хэргийн газарт очин ажиллаж, хэргийг илрүүлсэн байна. Уг хэргийг СХД-ийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, 21 настай, эмэгтэй М гэгч хулгайлсан байсан аж. Нохойн төлөөлөгч, цагдаагийн дэд ахлагч Х.Барьмид нь цагдаагийн байгууллагад дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд тэрээр “Маки” нохойгоор олон удаа гэмт хэрэг халуун мөрөөр илрүүлж байжээ.


















