Хулгайн мод бэлтгэлийг илрүүлбэл урамшуулал өгнө
Зарлиг хүлээж авсан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх нар хулгайгаар мод бэлтгэх ажилд иргэд, олон нийттэй хамтран ажиллаж үр дүнд хүрэхийн төлөө тууштай ажиллана гэдгээ илэрхийллээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргасныг Засгийн газарт гардуулан өгөх ёслол боллоо. Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулж, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх нар хүлээн авлаа.
Зарлигийг гардуулан өгсний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая. Ерөнхийлөгчийн энэ зарлиг бол Монгол Улсад олон жил бугшсан бусармаг зүйл болох хууль бусаар мод бэлтгэхтэй тэмцэх ажлыг эрчимжүүлсэн, үүнийг таслан зогсоох түүхэн шийдвэр болж байна. Зарлигийг гардуулах ёслолд оролцсон та бүхэнд их баярлалаа.
Та бүхэнд нэг жишээ хэлье. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хөтөлбөрт оролцсон сурагчид зохион бичлэг хийж ирүүлдэг. Нийслэлийн нэг сурагч охин Сэлэнгэ рүү явж байх замдаа тайрсан моддыг хараад уйлж байгаа нь зурагтаар гарсан. Тэр хүүхэд зохион бичлэгтээ “Бид мод тарьж ургуулдаг. Гэтэл тайрсан модыг харахад дайны талбарт амь үрэгдсэн цэрэг эрс шиг. Түүнээс ч долоон дор” гэж бичсэн байсан. Ингэж манай хүүхэд багачууд эх дэлхий, ой модоо хайрлах, хамгаалах хүмүүжилтэй байхад ургаа ой модыг тайрч байгаа хүмүүс нь дандаа насанд хүрэгчид байдаг.
Хулгайгаар мод тайрдаг явдалтай тууштай тэмцвэл зогсоож чадна. С.Оюун сайд, МХЕГ-т хандаж хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн чиглэл өгсөн зарлигийг олон нийтэд сайн ойлгуулж хүргэж чадвал хулгайн мод бэлтгэлийг зогсоох боломжтой. Ерөнхийлөгчийн зарлигт олон нийтийн оролцоо, уялдааг хангасан сайн засаглалын асуудал, хууль тогтоомжийг боловсронгуй болгох зэрэг олон цогц асуудлаас гадна урьд өмнө гарч байгаагүй нэг заалт орсон. Түүнд хулгайн мод бэлтгэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, багаж төхөөрөмжийг худалдан борлуулж, орсон орлогыг бусармаг үйлдлийг илрүүлсэн, мэдээлсэн, хэлсэн хүмүүст урамшуулал болгон бүрэн өгөхөөр заалаа" гэв.
Зарлиг хүлээж авсан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх нар хулгайгаар мод бэлтгэх ажилд иргэд, олон нийттэй хамтран ажиллаж үр дүнд хүрэхийн төлөө тууштай ажиллана гэдгээ илэрхийллээ.


















