Хүмүүнлэгийн коридороор 130 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Украины ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн 6 хоногийн хугацаанд хүмүүнлэгийн коридороор 130 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай мэдэгдлээ. Өнгөрсөн Ням гарагт улс орныхоо нөхцөл байдал
Мэдээллийн алба

Украины ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн 6 хоногийн хугацаанд хүмүүнлэгийн коридороор 130 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай мэдэгдлээ. Өнгөрсөн Ням гарагт улс орныхоо нөхцөл байдал болоод 2 талын төлөөлөгчдийн уулзалт зэрэг хэд хэдэн сэдвийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өгснийг Associated Press дамжуулж байна.
Орос, Украины 3 шатны хэлэлцээний үр дүнд, өнгөрсөн Мягмар гарагаас эхлэн Украины зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа бүс нутагт 2 тал түр хугацаанд гал зогсоож, хүмүүнлэгийн коридороор дамжуулан энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлсэн. Украины шадар сайдын мэдээлж байгаагаар, одоогийн байдлаар нийт 14 цэгт хүмүүнлэгийн коридор гаргасан. Одоо үүнээс 9 нь өдрийн цагаар ажиллаж байна.
Мөн нөхцөл байдал нь гамшгийн хэмжээнд тулсан Мариупол хотод өнөөдөр хүмүүнлэгийн тусламж хүргэх аж. Үүний зэрэгцээ, ерөнхийлөгч Зеленский, НАТО-г Украинд нислэггүй бүс гаргаж, цэрэг зэвсгийн дэмжлэг тусламжаа нэмэгдүүлэхийг шаардсаар байна.
Өнгөрсөн 7 хоногт Европын орнуудын албан бус дээд хэмжээний уулзалт Парис хотноо болсон. Энэ уулзалтаар Европын холбоо, Украинд бүх талын дэмжлэг үзүүлэхээ дахин нотолж, 500 сая еврогийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм.


















