Хүний амь бүрэлгээд оргон зайлсан этгээдүүдийг илрүүлэв
Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид мөн хүн амины ноцтой гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан хэргүүдийг уйгагүй эрэл хайгуул, ажиллагааны дүнд илрүүлж гэмт этгээдүүдийг дайчлан баривчлаад байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид мөн хүн амины ноцтой гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан хэргүүдийг уйгагүй эрэл хайгуул, ажиллагааны дүнд илрүүлж гэмт этгээдүүдийг дайчлан баривчлаад байна. Тухайлбал, 2008 оны хоёрдугаар сард иргэн М цээжин тус газраа мэсний шархтай нас барсан байдалтай олдсон. Уг хэргийн мөрөөр шалгахад Дорноговь аймгийн харьяат О, Б нар нь 2008 оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд суманд орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдээд түр саатуулагдан шалгагдаж байх хугацаандаа саатуулах байрны цонхны хамгаалалтыг хөшиж онгойлгон, улмаар оргон зайлж Улаанбаатар хотод ирж дээрх гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоогоод байна.
Мөн Дархан-Уул аймгийн иргэн Ш нь энэ сарын 4-7-ны өдрийн хооронд өөрийн гэртээ гадны нөлөөтэй нас барсан хэрэг гарсан. Хэргийг шалгах явцад уг иргэний гэрээс гурван ширхэг мөнгөн аяга алдагдсан болохыг тогтоосон бөгөөд алдагдсан аяганы мөрөөр эрэн сурвалжилсны дүнд эзэн холбогдогчийг илрүүлжээ. Энэ нь Дархан-Уул аймгийн харьяат 1989 онд төрсөн М гэгч байсан бөгөөд түүнийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвд байгааг тогтоож, дайчлан баривчилсан байна.


















