Хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын аюулгүй байдлын хамтын ажиллагааны дэд сайд нарын түвшний V хуралдаан боллоо
“Хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай” Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Мэдээллийн алба

“Хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай” Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ болон БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газар /одоогийн “ГЕГ”/ хоорондын Хэлэлцээрийг 2009 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр байгуулсан билээ. Энэхүү Хэлэлцээрийн хүрээнд Дэд сайд нарын хамтын ажиллагааны механизмыг байгуулан Монгол-Хятадын ХАА-н бүтээгдэхүүний худалдааны бодлогыг тодорхойлон 2 жил тутамд хуралддаг. Энэхүү механизмын ээлжит V хуралдааныг есдүгээр сарын 11-ний өдөр онлайн хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Хуралдааныг Монгол Улсын ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь, БНХАУ-ын ГЕГ-ын Дэд сайд Жан Жи Вэнь нар хамтран даргалж БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал, МЭЕГ, МХЕГ-ын албаны төлөөлөгчид оролцлоо.
ХХААХҮЯ-наас “Хүнс экспортлогч орон” болох зорилтын хүрээнд, худалдааны эргэлт, ХАА-н бүтээгдэхүүний экспортын нэр төрлийг бодлогоор нэмэгдүүлэх холбогдох эрх зүйн орчныг бий болгох чиглэлээр МХЕГ, МЭЕГ зэрэг мэргэжлийн агентлагуудтай тогтмол хамтран ажиллаж ирсэн билээ. Хурлаар Монгол Улсаас экспортлох хөх тариа, улаан буудайн гурилын холбогдох ургамлын хорио цээрийн шаардлагын тухай Протоколыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн Сайд Ван И-гийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр байгуулж, гурилын экспортын эрх зүйн орчныг бий болгохоор тохиров.
Мөн адууны дайвар түүхий эд, сүү, сүүн бүтээгдэхүүний экспортын нөхцөл шаардлагыг 2020 онд багтаан тохирох, зөгийн балны хянан магадалгааны ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр шийдвэрлэв.
Мөн 2016 онд Монгол Улсын баруун бүсийн зарим аймагт гарсан бог малын мялзан өвчний дэгдэлтээс шалтгаалан салаа туурайтай малын махны экспортод түр хориг тавиад байгаа юм. МЭЕГ-аас шүлхий, мялзангийн хяналтын тайланг хүргүүлсэн бөгөөд түүнд үндэслэн баруун бүсийн экспортын түр хоригийг цуцлах эрсдэлийн үнэлгээний ажлыг эхлүүлэхээр болов.
Эх сурвалж: ХХААХҮЯ


















