Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдалд анхаарна

Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлага, ажилтнуудтай 14 хоног тутам холбогдож хийсэн ажлаа хэлэлцэн хийх ажлаа тодотгодог ээлжит цахим хурал өнөөдөр боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдалд анхаарна
Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдалд анхаарна. Зураг: МҮОНРТ

Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлага, ажилтнуудтай 14 хоног тутам холбогдож хийсэн ажлаа хэлэлцэн хийх ажлаа тодотгодог ээлжит цахим хурал өнөөдөр боллоо.

Үндэсний их баяр наадмаас гадна энэ жил 200 орчим сум тэгш ойтой учир иргэдийн шилжилт хөдөлгөөн их байх нь. Иймээс аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагууд эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, байгаль орчин зэрэг олон чиглэлээр урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Ялангуяа хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс долоогоос дээш настай хүүхдээр хурдан морь унуулах, хамгаалах хэрэгсэл өмсүүлэх, ослын даатгалд хамруулах зэргийг багтаасан зөвлөмжийг шат шатны Засаг дарга, Монголын морин спорт уяачдын холбоо, аймаг, сумдын салбар холбоо, Наадам зохион байгуулах комисст хүргүүлж биелэлтийг нь хянаж эхэллээ.

Өнгөрсөн 14 хоногт аймгуудын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, Нийгмийн даатгалын сан зэрэгт шалгалт хийж, элсэлтийн ерөнхий шалгалтын явцад хяналт тавьж ажиллажээ. Мөн нэр бүхий аймгууд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цехэд шалгалт хийсэн байна.

МХЕГ-ын дарга Д.Батмөнх аймаг, нийслэлийн ажилтай танилцсаны дараа ирэх 14 хоногт анхаарч ажиллах хэд хэдэн үүрэг, чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадам болох гэж байгаа учир улсын байцаагч нар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хүрээнд тавих хяналтаа чангатгаж, ноцтой зөрчил илэрсэн тухай бүрт 260149, 263059 дугаарын утас, факсаар шуурхай мэдээлж байх үүрэг хүлээлээ.

Баяр наадмаас гадна аялал жуулчлал, зугаалга, амралт сувиллын цагтай холбогдуулан хөдөө орон нутгаас мал авчирч хот суурин газарт худалдан борлуулах нь эрс нэмэгддэг. Иймээс тухайн орон нутгийн мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээ, баталгаажуулалт, мал худалдаж авах, зарах зэрэгт тавих хяналт шалгалтаа эрчимжүүлж, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн хяналтгүй тээвэрлэж, тууварлахгүй байхад анхаарах юм.

Хуваалцах