Хурдан морь унаач хүүхдүүдийг гэрээ байгуулахыг зөвлөж байна
Хурдан морь унаач хүүхэд хохирсон тохиолдолд хохирлоо бүрэн дүүрэн нөхөн төлүүлэх, хариуцлага хүлээлгэх талаар морь уяач нартай гэрээ байгуулан ажиллах шаардлагатай байна.
Мэдээллийн алба

Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг бөгөөд Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн төдийгүй ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилт тавьсан.
Хурдан морь унаач хүүхэд хохирсон тохиолдолд хохирлоо бүрэн дүүрэн нөхөн төлүүлэх, хариуцлага хүлээлгэх талаар морь уяач нартай гэрээ байгуулан ажиллах шаардлагатай байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж хяналт шалгалт хийх ажлыг орон даяар зохион байгуулж холбогдох хууль, журам, стандартын хэрэгжилтийг Морин спорт уяачдын холбоо түүний салбар хороодоор хангуулж ажиллана.
Түүнчлэн хамгаалах хэрэгсэл, хувцасгүй хүүхдээр морь унуулж уралдуулахгүй байхыг Морин спорт уяачдын холбоо түүний салбар хороонд шаардах, шаардлагыг биелүүлээгүйгээс үүдэх эрсдэлийг хариуцаж ажиллахыг хуулийн хүрээнд сануулах, Морин уралдааны үед хүүхдийн байгууллага, үйлдвэрчний эвлэлийн хөдөлмөрийн хяналтын байцаагчидтай хамтран гүйцэтгэх, Стандартыг хангаж ажиллаагүй уяачдын холбоо, наадмыг зохион байгуулах комиссыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд зарлан хориглох арга хэмжээг авах, Морь унаж буй хүүхэд, уяачдын хооронд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж морь унах хүүхдийн насны доод хязгаарыг 14 настай байх, учирч болох эрсдэлийг хэрхэн зохицуулах, цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хууль эрх зүйн актыг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой тусгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх юм.
Хууль, дүрэм журам, стандартыг хангаагүйгээс үүдэх хариуцлагыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Морин спорт уяачдын холбоо, наадмын комисс болон морь унаач хүүхдийн эцэг эх хариуцах ёстой аж.


















