Хөшигийн хөндийн хурдны замын ажил ирэх сард эхэлнэ
Зам, тээврийн сайдын энэ долоо хоногийн шуурхай хуралдаан өнгөрөгч ням гарагийн амралтын өдөр Хөшигийн хөндийд баригдаж буй онгоцны шинэ нисэх буудлын талбайд боллоо.
Мэдээллийн алба

Зам, тээврийн сайдын энэ долоо хоногийн шуурхай хуралдаан өнгөрөгч ням гарагийн амралтын өдөр Хөшигийн хөндийд баригдаж буй онгоцны шинэ нисэх буудлын талбайд боллоо.
Шуурхай хуралдааны үеэр Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын төслийн удирдагч Н.Энхбат төсөлтэй холбоотой, одоогоор шийдвэрлэх хэд хэдэн асуудал байгааг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тухайлбал, Монголын талын хариуцан барих 3 барилгын асуудал шүүхийн шатанд удаашралтай байгааг хэлж, хурдны авто зам, шатахууны заавал байх нөөц, ангарын барилга, ангар болон катерингийн барилгууд, дагуул хотын асуудал болон эрчим хүчний нэхэмжлэх, хугацаа хоцорч төлбөр хийгдсэний алданги зэргийг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүслээ. Шинэ нисэх буудлын хурдны замын ажил дөрөвдүгээр сарын 15-нд эхэлнэ гэдгийг сайд М.Зоригт хэлээд дагуул хотын асуудлыг Барилга хот байгуулалтын сайдтай яаралтай уулзалт зохион байгуулж, шийдэлд хүрэхээр тогтсон юм. Түүнчлэн эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэхийн тухайд сайдын нэр дээр албан тоотыг холбогдох яаманд явуулж, яаралтай шийдвэрлэх үүргийг санхүү эрхэлсэн холбогдох дарга нарт өглөө.

Сайдын шуурхай хуралдаанд салбарын хувийн хэвшлийн төлөөлөл сууж, асуудлыг анхан шатнаас нь эхлэн салбарын яаманд тавьж шийдүүлдэг болоод буй. Энэ удаагийн хуралдаанд “Хүннү Эйр”, “Болд төмөр Ерөө гол” компани, Тээврийн дээд сургуулийн удирдлагууд оролцож, өөрсдийн үйл ажиллагаанд тулгарч буй бэрхшээлийг ярилаа. Тухайлбал, “Хүннү эйр” компанийн захирал Д.Мөнхжаргал “Энэ зун Монгол Улсад АСЕМ зохион байгуулахтай холбогдуулан хувийн авиакомпаниудын нислэгийг түр зогсоох юм байна. Тэгвэл жуулчдын жинхэнэ улиралд бид ямар ч ажилгүй, ашиг орлогогүй зогсох болчихоод байна” гэсэн юм. Харин ЗТ-ийн сайд М.Зоригт “Зуны жуулчдаа мартаж болохгүй. Долдугаар сард Монголд жуулчид маш их ирдэг. Энэ асуудлыг шийдэж болно. Би Батлан хамгаалахын сайдтай уулзаж Налайхын аэродромыг долдугаар сард хувийн авиакомпаниудад түр ашиглуулах талаар ярилцъя. Энэ асуудлыг шийдэгдсэнд тооцож болно” гэсэн юм. Харин “Болд төмөр Ерөө гол” компаниас зам, тээврийн салбарын залуу ажилтнуудад өөрсдийн барьсан төмөр зам болон байгууламжуудаа танилцуулах ажлыг зохион байгуулахаар боллоо.
.jpg)


















