Хөшигтийн хөндийн нисэх буудлын ажилд дахин 36 тэрбум иенийн хөрөнгө оруулалт хийнэ
Нэмэлт зээлийн хөрөнгийн 32.8 тэрбум иенийг нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажилд зарцуулах аж.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгуулага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээр”-ийн төслийг Засгийн газрын гишүүд хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд олгожээ.
Нэмэлт зээлийн хэмжээг тогтоох Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын ажлын хэсэг 2014 оны зургаа болон 12 дугаар саруудад манай улсад ирж ажиллан зээлийн хэмжээг нийт 36.8 тэрбум иен байхаар тогтоосон бөгөөд нэмэлт зээлийн дүнг Япон Улсын Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэх шатанд байгаа юм.
Нэмэлт зээлийн хөрөнгийн 32.8 тэрбум иенийг нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажилд зарцуулах аж. Мөн зээлийн хөрөнгийг нисэх буудлын бүрэн ажиллагаанд шаардлагатай шинээр нэмэгдэж буй барилгын санхүүжилт, машин механизм, тоног төхөөрөмжүүд худалдан авах, зөвлөх үйлчилгээ, магадлашгүй ажлын зардлыг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна.


















