Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хөшигтийн хөндийн нисэх буудлын нэмэлт зээлийн талаар хэлэлцэв

Өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Хөшигтийн хөндийн нисэх буудлын нэмэлт зээлийн талаар хэлэлцэв
Хөшигтийн хөндийн нисэх буудлын нэмэлт зээлийн талаар хэлэлцэв. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ асуудлыг УИХ-ын 2014 оны намрын чуулган завсарлахын өмнөхөн хэлэлцээд ажлын хэсэг гаргаж асуудлыг газар дээр нь үзэж танилцах, түүнчлэн төслийн зардлын өсөлтийн талаар аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзээд хэлэлцүүлгийг түр хойшлуулж, УИХ-ын гишүүн Б.Болороор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан юм.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Болор байнгын хорооны хуралдаанд хийсэн танилцуулгадаа, ажлын хэсэг төслийн нэгж болон газар дээр нь очиж төслийн явц байдал, хэрэгжилттэй танилцаж холбогдох мэдээллийг авсан. Мөн дэд ажлын хэсэг гаргаж, төслийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалт, нэмэлт зардлын талаар аудитын дүгнэлт хийлгэхэд ноцтой зөрчил илрээгүй тул төслийн нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзсэн тухайгаа танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх 28.8 тэрбум иенийн зээлийн гэрээг 2008 оны тавдугаар сарын нэгний өдөр байгуулж, мөн сарын 29-ний өдөр УИХ-аар соёрхон баталсан. Онгоцны буудлын зураг төслийг боловсруулах ажлыг 2011 онд дуусгасан агаад гүйцэтгэгч байгууллагын сонгон шалгаруулах тендерийг хоёр удаа зарлаж, ерөнхий гүйцэтгэгч байгууллагаар Японы Мицүбиши-Чиёода хамтарсан түншлэл шалгаран бүтээн байгуулалтын ажлыг нийт 49.5 тэрбум иенээр гүйцэтгэхээр 2013 оны тавдугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан аж.

Гэвч хэлэлцээрийн үр дүнгээс хамааран нисэх онгоцны шинэ нисэх буудал барих төслийг хэрэгжүүлэхээр олгосон зээлийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон тул нэмэлт санхүүжилт авах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэнийг 2013 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус тус хэлэлцэж дэмжжээ. Тухайн үед танилцуулсан нэмэлт зээлийн дүн нь 19.6 тэрбум иен байсан бөгөөд энэ нь зөвхөн гүйцэтгэгч байгууллагад төлөх шаардлагатай үлдэгдэл санхүүжилтийн дүн юм. Харин одоо дахин зөвшилцөхөөр танилцуулж байгаа нэмэлт зээлийн дүн нь 36.85 тэрбум иен юм байна. Төслийн бүтээн байгуулалтын ажил 2013 оны зургаадугаар сараас эхэлсэн, өнөөдрийн байдлаар 27.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа агаад төслийн бүтээн байгуулалтын нийт ажлын 65.7 хувийг энэ онд гүйцэтгэх зорилт тавьж байгаа юм байна.

Нэмэлт зээлийн төслийг зөвшилцөх асуудлыг УИХ-ын 2014 оны намрын чуулган завсарлахын өмнө Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Оюун, Ц.Баярсайхан, Ц.Оюунбаатар, байнгын хорооны дарга Ж.Энхбаяр нар Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад, төслийн захирал Н.Энхбат болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав.

Төслийн нэмэлт санхүүжилт нь анхныхаас ихээхэн зөрүүтэй байгаагийн учрыг тодруулсан гишүүний асуултад төслийн захирал Н.Энхбат өгсөн хариултдаа, ханшийн зөрүү, Монголын тал өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр хүлээсэн газрын үйлчилгээний төхөөрөмж болон зарим барилга байгууламжийг гүйцэтгэгч талд шилжүүлсэн, зөвлөх үйлчилгээний зардал өссөн зэрэг олон үндэслэлээс үүдэж нэмэлт санхүүжилтийн хэмжээ анхны хөрөнгө оруулалтаас зөрүүтэй байгаа. Нэмэлт санхүүжилтийн асуудал шийдэгдвэл энэ зардлын хэмжээндээ багтааж олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг хугацаанд нь ашиглалтад өгөх боломжтой гэдгийг хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад байнгын хорооноос өгсөн үүрэг чиглэлийн дагуу төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, төслийн төсөвт өртгийн зардлын өсөлтийг нарийвчлан авч үзсэний үндсэн дээр зээлийн хэлэлцээрийн талаар аудитын дүгнэлт гаргаж хүргүүлсэн. Дүгнэлтэд зээлийн хэмжээг тодотгох шаардлагатай, гэхдээ нэгэнт төслийг хугацаанд нь хэрэгжүүлэхэд нэмэлт хөрөнгө зайлшгүй шаардлагатай байгаа учраас хэлэлцээрийг цааш явуулах нь зүйтэй гэж үзсэн тухайгаа хэллээ.

Ингээд Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг дэмжиж Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрөх санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив. Энэ тухай байнгын хорооны хуралдааны тэмдэглэл болон ажлын хэсгийн санал, дүгнэлт, аудитын байгууллагын дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.

Хуваалцах